Хятадын засгийн газар комисс байгуулж Оросын хүнсний зах зээлийг хангах ажлаа эхлүүлжээ

Хятадын “Баожун” компани Орост хүнсний ногоо, жимс жимсгэнэ шууд экспортлох талбай нээнэ гэж Хэйлунзян мужийн хавсарга эдийн засгийн холбооны дарга Жан Чуньзяо даваа гаригт “Интерфакс” агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.

“Хятад-Оросын хил дамнасан электрон арилжааны төсөл болох “Баожун” компанийн гаалийн хяналтын бүс байгуулах төслийг эхлүүлэх ёслол Дуннин гацаанд болно. Энэ нь Орост хүнсний ногоо, жимс жимсгэнэ экспортлох шууд замыг Дунниний хилийн шалган нэвтрүүлэх боомтод ашиглалтад оруулна гэсэн үг юм” гэж Жан Чуньзяо хэлсэн байна. Энэ ажлыг Хятадын засгийн газраас бодлогоор дэмжиж буй бөгөөд Европын холбооны улсуудаас Оросын зах зээл дээр алдсан байр суурийг авах зорилгоор зөвхөн жимс ногоо ч бус хүнсний олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг Орост экспортлох томоохон төслийг Засгийн хэрэгжүүлж эхлэхээр тусгай комисс байгуулан яаравчлан ажиллаж эхэлжээ.

Энэ ажлын хүрээнд эхлэх “Баожун”-ы бүс нь Оросын Алс Дорнодод хүнсний ногоо, жимс жимсгэнэ экспортлох логистикийн төв буюу ачаа цуглуулж, хуваарилах, үнэ бүрдүүлэх төв болох ажээ. Угтаа энэ нь 70 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий бөөний худалдааны зах байх юм.

Хяналтын агуулахад ачааг дахин шалгах шаардлагагүйгээс талбайд гаалийн бүрдүүлэлт хийх хугацаа богинох бөгөөд захын аль ч хэсгийг хоногийн туршид хяналтын камераар хянаж байх ажээ.

Жан Чуньзяогийн хэлснээр, Орост хөдөө аж ахжйн бүтээгдэхүүн нийлүүлэх мөн ийм талбайг 2014 оны эцсээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг талбайг “Дили” корпорац байгуулах ажээ.

Энэ нь ЕХ болон өрнөдийн бусад орон Украины хэрэг явдалтай холбогдуулан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нөхцөлд тэндээс ирдэг ийм бүтээгдэхүүнийг орлуулахад чухал гарц болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ