Украинд амь үрэгдэгсдийн тоо хоёр дахин өсчээ

Украины зүүн нутгийн байлдааны бүсэд амь үрэгдэгсдийн тоо сүүлийн хоёр долоо хоногт бараг хоёр дахин өсчээ. Оросын хэвлэлд бичсэнээр, НҮБ ийм тоо баримт дурдсан байна.
Тус байгууллагын мэдээнээс үзвэл, одоо 2086 хүн амь үрэгдэж, 5 мянга орчим хүн шархдаад байгаа ажээ. Энэ тоонд энгийн хүмүүс, цэргийн албан хаагчид болон зэвсэгт отрядуудын гишүүд орж байна. НҮБ-хүний эрхийн газрын төлөөлөгч Сесиль Пуйигийн тэмдэглэснээр,энэ хоёр долоо хоногт Украины зүүн нутагт хоногт дунджаар 60 хүн амь үрэгдсэн байна. “Энэ нь мөргөлдөөн ширүүсч байгааг харуулж байна” гэж Пуйи мэдэгдээд, тоо багцаа шинжтэйг тэмдэглэжээ.
Наймдугаар сарын 8-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хүний эрхийн асуудал эрхэлсэн туслах Иван Шимонович 1543 хүн амь үрэгдэж, 4396 хүн шархадсан тухай мэдээлж байсан юм.
Долдугаар сарын сүүлчээр НҮБ-ын мэдээгээр, Донбасст байлдааны ажиллагаа эхлэсэн хугацаанд 1,1 мянга орчим хүн амь үрэгдэж, бас 3,5 мянга орчим хүн шархадсан байжээ.
Украины аюулаас хамгаалах албаны сүүлчийн мэдээгээр, байлдааны ажиллагааны бүсэд хүчний байгууллагын 568 хүн амь үрэгдэж, бас 2120 хүн шархадсан байна. ИнгэхдээДХЯ-ны тэргүүн Арсен Аваковын хэлснээр,наймдугаар сарын 10-ны байдлаар, тус яамны 46 ажилтан амь нас алджээ. Харин Үндэсний гвардийн 4 мянга орчим цэргийн албан хаагч амь үрэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ