Аав Суарес ажилдаа оржээ

Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Луис Суарес ганцаараа бэлтгэл хийх нь маш амаргүй байсныг онцлов. Уругвайн шигшээ багийн довтлогчийн өгүүлснээр бол одоо тэр багийн бэлтгэлд нэгдсэн тул байдал хамаагүй дээрдсэн байна.
Бразилд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Суарес Италийн багийн хамгаалагч Жоржо Кьеллиниг хазсан тул Спортын арбитрын шүүх түүнд хатуу шийтгэл оногдуулсан билээ. Гэвч саяхан тэд арай зөөлрөөд Суаресыг үндэсний шигшээ болон багийнхаа бүрэлдэхүүнд багтан нөхөрсөг тоглолтуудад оролцохыг зөвшөөрсөн юм.
“Ганцаараа бэлтгэл хийх нь надад маш хэцүү байсан. Би өөрийгөө тамирчин гэдгээ ерөөсөө мэдрээгүй. Энэ бол их сонин мэдрэмж. Харин одоо би багтайгаа хамт бэлтгэл хийж байгаа учраас илүү аз жаргалтай болсон. Аав нь ажилдаа явж байна гэж хүүхдүүддээ хэлэх нь ямар гоё зүйл гээч” хэмээн Суарес ярьжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ