Меркель: Путин, Порошенко нарын уулзалт бүтэлтэй болохгүй

Минск хотод Орос, Украины ерөнхийлөгчдийн хийх уулзалт бүтэлтэй болохгүй. Германы канцлер Ангела Меркель тус орны телевизийн ARD сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо ингэж үзэж байгаагаа ням гаригт илэрхийлсэн байна.
Гэхдээ улс төрийн яриа хэлэлцээ хийх шаардлагатай, Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг гагцхүү эв зүйгээр шийдвэрлэж болно гэж Германы засгийн газрын тэргүүн онцлон тэмдэглэжээ.
“Энэ мөргөлдөөнийг цэрэг зэвсгийн хүчээр шийдвэрлэж болохгүй, Герман улс Украины эв нэгдлийг дэмжиж байгаа бөгөөд улс бүр өөрийн замыг сонгох эрхтэй Гэвч Украины бодлого Орост хор хүргэх ёсгүй” гэж канцлер тэмдэглээд, хоёр тал сайн харилцаатай байх ёстой гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Украины НАТО-гийн гишүүн болох төлвийн тухай Меркель ярихдаа, энэ нь тулгамдсан асуудал биш гээд "Украин-НАТО”-гийн зөвлөл гэж бий. Гэхдээ энэ нь гишүүнчлэлийн тухай хэлж байгаа хэрэг биш гэдгийг би нэгэнт хэлсэн гэж Меркель дурдсан байна.
Меркель наймдугаар сарын 23-нд Киевт нэг өдрийн ажлын айлчлал хийж, энэ үеэрээ Порошенкотой уулзсан юм. Өнөөдөр Оросын эсрэг дахин хориг арга хэмжээ авах нь хэлэлцэх гол асуудал биш, гэхдээ Украины байдал дордвол ийм арга хэмжээ авч болох юм гэж тэр хэлсэн байна.
Германы засгийн газар Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаа бөгөөд Европыг дахин хуваах явдал гаргуулахгүйн тулд бүхнийг хийнэ гэж ХБНГУ-ын канцлер бас онцлон тэмдэглэжээ.
Үүнтэй холбогдуулан тэр Украины талын энхийн төлөвлөгөөг дэмжихийг Орост уриалаад, учир нь зөвхөн нэг тал нь мөргөлдөөнийг дипломатын аргаар шийдвэрлэхийг дэмжиж байгаа нөхцөлд эвийн зохицуулалт хийх боломжгүй юм гэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ