Нагац ахын дурсамж

Намайг бага байхад миний эмээгийн ойрын садан Балжинням гэдэг надтай тун төстэй (яг миний одоогийнх шиг зүүн хацартаа мэнгэтэй) өвөө айл аймаг явдаг байлаа. Угийн дуу цөөтэй, эрхи эргүүлээд маань л уншдаг малчин нэгэн байв.

Хааяа би шалж байгаад Халх голын дайнд хэрхэн явсан тухай сонин хууч яриулна. Дайны тухай ярихдаа яаж өлсөж, цангаж, ядарч зүдэрч айж сандарч, ямар муу юм үзсэнээ л ярьдаг байсан болохоос тэгэж ингэж япон цэргийг хороосон гэж нэг үг дуугарч үзээгүй юм. "-За би тэр максим пулемёт гэдэг бууны чинь наводчик явсан юм.

Дайсныг буудаж бол байсан, гэхдээ оноод үхэж байсныг нь би яаж мэдэх билээ" хэмээн хэлдэг байлаа. Нутгийн ах Базарарагчаа багш энэ хавар Монгол явж ирээд Чуваандарийн Өлзийбаа гуайн бичсэн "Өвөрхангай аймгийн товч түүх" гэдэг номыг надад өгч, "-Танай нагац ах улсын баатар болох ёстой хүн байжээ, яагаад та нар хөөцөлдөөгүй юм бэ?" гээд Балжинням ахын тухай бичсэн хэсгийг надад зааж өгөв. Яг юу гэж бичсэнийг нь энд хуулан бичье.


БАРИМТ 1
1969 онд хэвлэгдсэн "Мөнх найрамдлын их ялалт" нэртэй номыг гүйлгэж уншвал .. Халх голын байлдаанд оролцсон Монгол Зөвлөлтийн зарим эрэлхэг дайчдын тухай өгүүлэлд "... 6 дивизийн 15 хорооны пулемётчин Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харъяат Баянбалжирын Балжинням 1939 оны 5 сарынн 28-ны өдрийн байлдаанд Японы суман илүү (150 орчим) цэргийн өмнөөс зоригтой тулалдан пулемётын галаар олон дайсан устгаж ялалт хийсний дараа 7 сарын 2-ны өдөр Баянцагааны байлдаанд бүхэл өдрийн турш зориг баатарлагаар тулалдаж өөрийн пулемётын галаар 16 самуурайг устгаж чaдамгай гавъяа байгуужээ. Б.Балжиннямын удаа дараагийн дээрх ялалтууд нь Японы самуурай нарыг устгахад чухал үүрэг гүйцэтгэжээ" гэж бичжээ. [хуудас 104-105]

БАРИМТ 2
Үүнийг тодотгож тасгийн дарга Н.Шараа гуай дурсаж ярихдаа: "- 5 сарын 28-ны тулалдаан гэдэг чинь өглөөний 3-4 цагийн орчим Талын манхны зүүн талаас манай хороог дайсны хороо илүү цэрэг довтлосноор эхэлсэн юм. Хоёр өдөр хоёр шөнө үргэлжилсэн юм. Тэр тулалдаанд Балжинням ёстой цэцэн мэргэнээ үзүүлж устга гэж тушаал өгсөн тухай бүр дайсныг хяргаж хороогоо давшихад галаар хангаж "Максим" пулемётыг онцгой сайн эзэмшсэн цэрэг явсан юм. Бид 29 өдөр бүслэлтэнд ороход Балжинням зэрэг хамгийн мэргэн буучдаа өмнөө барьж Зөвлөлтийн 149 дүгээр мото буудлагын хорооны нэг батальонтой хүч хавсран тулaлдаж бүслэлтээс гарсан. 1939 оны 7 сарын 1-нд дайсны гол хүч манай хилд орж ирсэн учир орой нь дивизын даргын (Дандарын) тушаалаар манай хороо Баянхошуунаас хөдөлж, шөнөжин маршилсаар өглөө нь Их Бурхантын толгойн өмнүүр Балгасны чиглэлээр Халын голыг гаталж зүүн талын манхныг дайснаас өмнө эзэлж, их бууны дивизоны Төрхүү даргатай батарейг дэмжин өдөржин тулалдлаа. Тэр өдрийн тулалдаанд Балжиннямын салаа дайсны 60-иад цэргийг устгасан юм." гээд тэр үеийн "Эх орны төлөө" сонины хуулбар өгөв. [хуудас105]

БАРИМТ 3
Түүнд <<Ахмад Дарамжавын командласан ангийн хүнд пулемётын бууны дарга Шарав нь энэ 7 сарын 2-ны өдрийн байлдаан дээр өөрийн наводчик Балжиннямд үүрэг өгч, дайсны салаа шахам хүчийг бут цохиж устгасан дор нэмж 18 тооны хүнийг алсан ба шархдуулсан болохоос гадна дарга нөхөр Шарав болбоос винтовын галаар дайсны 7 самуурайг устгасан учир эдгээр нөхөд дор байлдааны халуун баярыг хүргэж, бусад эх орны төлөөнөө гайхамшигт ялалт үзүүлэхийг уриалмой. Лувсаншарав>> гэжээ. (<<Эх Орны Төлөө>> сонин 1939 оны 7 сарын 23-ны өдөр. Дугаар 26.) [хуудас 105]

БАРИМТ 4
Шарав гуай яриагаа үргэлжлүүлэн: "- ... Дайчин бүр идэвхтэй байлдсны дотор Балжинням миний тушаалаар дайсны миномётын 2 суурь, хүнд пулемётын 3 наводчик, онц буудагчдыг устгаcныг одоо ч мартдаггүй. Бид хоёр талаар хайч хийж 2 салаагаас илүү самуурайг устгасан. 4-ний шөнө бид ангиасаа салчихаад Зөвлөлтийн цэргүүдийн дунд хоцорчихож.. Бид 2-т сум ус өгч гал тогооноосоо 2 ч удаа хоол авчирч өгч байсан юм даа. 4,5-ны өдрийн тулалдaанд Балжинням маань их бууны 2 наводчикийг устгахыг би нүдээрээ харсан. Ийм л зоригтой, гавъяатай байлдсан хүн дээ. Mиний хороо Халхын голын гол 3 тулалдааны тэргүүн шугаманд байлдаж "Байлдааны гавъяаны улаан тугийн одон"-гоор 32 хүн шагнагдсаны нэг нь Балжинням юм.

ДҮГНЭЛТ
Нагац маань ухаантай хүн байжээ. Хөдөлшгүй олон баримтаар ийм олон дайсан устгаж явсан мөртөө надад болохоор "хүн алаагүй байх" гэж байсан нь энэ хүүхдийн хүмүүжилд нөлөөлж магад гэж болгоомжилсных. Ялалтын баяр ойртоод ирэхээр аймаг хотооc сурвалжлагчид Балжинням ахынд байн байн ирэхэд тэдэнд огт юм ярьдаггүй мааниа уншаад суучихдаг байж билээ. Хүн алж нүгэл хийснээрээ гайхуулах юм биш гэж бодож байжээ. Нэг удаа сэтгүүлч "-Таныг дайны галын шугаманд хамгийн нүүрэнд байлдсан гээд архивт баримт байна. Та яаж амьд гарсан юм бэ?" гэхэд "-Төр нүдтэй байдаг юм. Төрийн сүлд намайг өршөөсөн. Өөр юм байхгүй. Ээрээд байлгүй одоо яв." гэж билээ. Нагац маань ийнхүү дурсах дүүтэй байснаа тэнгэрийн орноос харж буй байх даа. Улсын баатар авна гэдэг тийм амар даваа л лав биш байж дээ. [Зураг дээр хамгийн зүүн гар талд]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ