Украины Ерөнхийлөгч парламентыг тарааж шинэ сонгууль явуулахаар болжээ

Украины ерөнхийлөгч Петр Порошенко тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Дээд радын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, шинэ парламентын сонгуулийг ирэх аравдугаар сарын 26-нд явуулахаар товложээ. Украины төрийн тэргүүн Facebook дэх өөрийн хуудсандаа ингэж бичсэн байна.

Энэ шийдвэрийг гаргахдаа би олон нийтийн санаа бодлыг удирдплага болгосон, учир нь “иргэдийн 80 хувь нь завсрын сонгууль явуулах шаардлагатайг дэмжиж байгаа юм” гэж тэр дурджээ. Ингэх нь төрийг цэвэршүүлэхэд туслана гэж тэр бас үзэж байна.

“Сонгууль бол цэвэрлэж ариусгах шилдэг арга мөн. Тиймээс энэ ажлыг хууль тогтоох дээд байгууллагаас эхлэх хэрэгтэй. Дээд радын одоогийн бүрэлдэхүүн жил хагасын турш Януковсийн түшиг тулгуур болж байсан юм. Чухамхүү эдгээр депутатын олонхи нь дарангуйллын хуулиуд батлаж, үүний улмаас олон зуун хүний амь нас сүйдлээ. Үүнийхээ хариуд эрүүгийн болон улс төрийн хариуцлага хүлээх хэрэгтэй” гэж Порошенко тэмдэглэжээ.

Радад хуралдаж байгаа олон депутат салан тусгаарлагчдын талынхан гэж тэр үзэж байна. “Бүхэлдээ Дээд радын бүрэлдэхүүн Украины нийгмийн улс төрийн санаа бодолд нийцэхгүй байгаа юм. Нийгэм маш түргэн өөрчлөгдсөн учир, депутатууд түүний түүхэн алхмыг гүйцэж амжихгүй байна” гэж ерөнхийлөгч бичжээ.

Дээд радын одоогийн бүрэлдэхүүн шинэ парламентыг сонгогдох хүртэл ажиллана гэдгийг тэр тэмдэглэсэн байна. “Хамгийн гол нэг хийх зүйл бол Европын холбоотой харилцаа тогтоох тухай хэлэлцээрийг есүгээр сард батлах хэрэгтэй юм” гэж Порошенко сануулсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ