Сергей Лавров: Эхлэлийг нь тэд өөрсдөө тавьсан шүү

АНУ тэргүүтэй өрнөдийн гүрнүүдээс ОХУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авч болзошгүй байгаатай холбогдуулан Орос мөн адилхан хариу барьж болохыг Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сануулжээ.

Тэр өнөөдөр хэвлэгдсэн байгаа Британийн «The Daily Telegraph» сонины «Russia Beyond the Headlines» буланд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ.

Оросын гадаад бодлогыг зангидагч эрхэм нэлээд уурсангуйгаар “Ингэх нь ерөөс бидний сонголт биш, гэхдээ бид үндэсний аюулгүй байдлын бүхий л эрх ашгаа хамгаалахад шаардлагатай бүхнийг хийж хатуу цохилт өгөх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй” гэсэн байна. Ингээд түүний яриаг товчлон сийрүүлснийг уншигчдадаа хүргэж байна.

"Дашрамд дурдахад, бусад аливаа орны адилаар Оростой тулган шаардах, албадан шахах хэлээр ярихыг огт хүлцэж тэвчихгүй. АНУ, Европын холбоо болон бусад орны дангаар хийсэн алхамд бидний өгч буй хариулт нь энхийн шинжтэй бөгөөд олон улсын гэрээ хэлэлцээрт Орос улсын хүлээсэн эрх, үүргийг харгалзан үзэж байгаа юм.

Гэхдээ Орос улс түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэх замаар явахыг хүсэхгүй байна. АНУ, Европын холбоо ухаалаг замыг сонгож, “хорыг хороор” гэсэн зарчмаар ажилладаг утгагүй, явуургүй үйлдийг таслана гэдэгт бид найдаж байна, үүний эхлэлийг тэд өөрсдөө тавьсан шүү дээ.

Оросын цэрэг Украины нутагт орсон гэх өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээ огт худал юм, бид иймэрхүү бүх мэдээг мэдээллийн дайны илрэл хэмээн үзэж байгаа. Оросоос Украин руу хөдөлсөн гэх хуягт техникийн цувааг Украины их буучид устгалаа л гэнэ.

Үүнийг нь Британийн хоёр сонины төлөөлөгчид өөрийн нүдээр харсан л гэнэ. Гэтэл энэ мэдээ лавтай эсэхийг нотлосон ямар ч баримт танилцуулаагүй, Америкчууд ч энэ мэдээллийг нотлож чадаагүй.

Орос бол Малайзын ”Боинг” нисэх онгоцонд тохиолдсон эмгэнэлт явдалтай холбогдуулан зохих мэдээллийг олон улсын хамтын нийгэмлэгт албан ёсоор танилцуулсан цорын ганц орон. Донецк, Луганскийн журамт цэргийнхнийг буруутгаж байсан АНУ, Украины аль аль нь өөрсөддөө байгаа мэдээллийг одоог хүртэл зарлахгүй л байна.

Украинд болсон бусад олон эмгэнэлт явдал, тухайлбал хоёрдугаар сард Киевт энгийн хүмүүсийг мэргэн буудагчид буудан алж, тавдугаар сард Одесса, Мариуполь хотод болсон цуст хэрэг явдлыг мөрдөн шалгах ажил зогссоны нэг адил MH17 нислэгийн нисэх онгоц сүйрсэн нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажлыг зогсоохыг бид зөвшөөрч чадахгүй. Эдгээр гэмт хэрэгт гэм буруутай бүх хүнийг хариуцлагад татахыг бид хатуу шаардах болно” гэж Лавров ярилцлагадаа дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ