Путин, Порошенко нарын уулзалт амжилттай болжээ

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины төрийн тэргүүн Петр Порошенкотой хийсэн хэлэлцээг нааштай үнэлснийг хэвлэлүүд мэдээлж байна. Хачирхалтай нь хоёр цаг орчим үргэлжилсэн уулзалтын турш Украины зүүн өмнөд нутагт гал зогсоох талаар огтхон ч ярилцаагүй тухай Путин мэдэгдэлд дурдсан байна.
“Украины засгийн газар, Донецк, Луганскийн хооронд хүрч болох тохиролцоо, ямар нэг болзлын тухай би хэлж чадахгүй. Миний бодлоор, туйлын чухал хэлэлцээний явцад итгэлцлийн байдал бүрдүүлэхэд л бид тус дөхөм үзүүлж болох юм.Харин бид энэ тухай ярьсан” гэж Оросын төрийн тэргүүн дурдсан байна.
Орос улс Украинд цус урсгасан хэрэг явдлыг эцэс болгож, эвийн үйл явцыг өрнүүлэхэд шаардлагатай бүхнийг хийх болно гэж тэр мэдэгджээ. Ингэхдээ “уг үйл явцыг аль болох даруй эхлүүлэх хэрэгтэй”, энэ зорилгоор холбоо барих бүлэг Минск хотод цугларна гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. “Донецк, Луганскт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжтой, ингэх ч шаардлагатай тухай бид ярьж,энэ чиглэлээр хэрхэн хамтран ажиллах тухай тохиролцсон” гэж Путин онцлон тэмдэглэжээ.
Эдийн засгаа хамгаалахын тулд Орос улсын авч байгаа арга хэмжээнд өрнөдийн орнууд хүндэтгэлтэй хандана гэдэгт найдаж байгаагаа тэр бас илэрхийлсэн байна. Тэд эрх ашгаа хамгаалах манай арга хэмжээнд ч мөн адил хүндэтгэлтэй хандана гэдэгт найдаж байна гэж төрийн тэргүүн дурджээ.
Путины хэлснээр, уулзалтын явцад хийн асуудлыг ч хөндөж ярьсан бөгөөд талууд “мухардмал байдалд ороод байгаа” учир “эрчим хүчний тухай яриа хэлцээг сэргээх” шаардлагатай гэсэн дүгнэлтэд талууд хүрсэн байна.
Үүнээс гадна, хил давсан оросын десантчдыг Украины аюулаас хамгаалах албаныхан олзолсныг Путин сэтгүүлдэд тайлбарлажээ. “Би Батлан хамгаалах яамны илтгэх хуудас аваагүй байгаа. Миний мэдэхээр, тэд хилд эргүүл хийж байсан бөгөөд энэ үеэрээ Украины нутагт санамсаргүй орсон байж болох юм” гэж төрийн тэргүүн тайлбарласан байна. Өмнө нь Украины олон арван цэргийн хүн Оросын нутагт орж байсныг тэр энэ үеэр сануулжээ. Энд ноцтой асуудал үүсэхгүй хэмээн найдаж байгаагаа Путин илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгч нар энэ талаар зөвлөлдөхөөр Минск хотод тохиролцжээ. Энэ нь Украин, Оросын хилд хяналт тогтоох нь тус хоёр байгууллагын хэлэлцээний зорилго юм гэж төрийн тэргүүн хэлжээ.
Тэгвэл Украины ерөнхийлөгч Порошенкогийн талаас зүүн нутгийн байдлыг зохицуулах энхийн төлөвлөгөө боловсруулахаар тохиролцсоныг бас мэдээлсэн байна.Ийм төлөвлөгөөг хэрэгжүүлэх угтвар нөхцлийг боловсруулахын тулд хоёр орны жанжин штабын дарга нар зөвлөлдөх ажээ.
“Энхийн төлөвлөгөөний логик утгыг бид хоёр дэмжсэн гэдгийг би хэлэх байна” гэж Порошенко тэмдэглэжээ. Үүнээс гадна, гурван тал – Европын холбоо, Украин, Орос улсын оролцсон хэлэлцээг есдүгээр сарын 6-нд хийхээр болсон тухай Порошенко дуулгасан ба эрчим хүчний асуудал уг уулзалтын гол сэдэв байх төлөвтэйг онцолжээ.
Украин, ЕХ-ны хооронд чөлөөт худалдааны бүс байгуулахын эдийн засгийн үр дагаврын асуудлаар шинжээчдийн хэмжээнд зөвлөлдөхийг би зөвшөөрсөн гэж Порошенко хэлсэн байна.
Тэгвэл Европын Холбооны зүгээс Украинд гал зогсоох тухай хэлэлцээ хийж эхлэхийг санал болгожээ. ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудалэрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон Минск хотод ингэж мэдэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ