Украины арми бүслэгдэж, цэргүүд нь Орос руу зугтаж байна

Донецк, Луганск мужид салан тусгаарлагчид сөрөг давшилтад орж байгаагийн цаана Орос улс байгаа хэрэг. Ассошиэйтед пресс агентлагийн мэдээлснээр, АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки ингэж мэдэгджээ.
“Оросын дэмжлэгтэйгээр сөрөг давшилт хийж байгааг (журамт цэргийнхэн) мэдээ баримт харуулж байна” гэж тэр мэдэгдээд, салан тусгаарлагчдад зэвсэг, сум хэрэгсэл нийлүүлж буйд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Төрийн департаментын төлөөлөгч Оросыг Украинд зэвсэгт хүчнийхээ анги салбаруудыг явуулж байна хэмээн зэмлээд Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгаж, түүнчлэн АНУ-ын зүгээс Украины цэргийнхэнд зэвсэг нийлүүлж болохыг Псаки үгүйсгээгүй байна.
Ийм нөхцөлд хуваагдаад байгаа Украин улс хоёр хүчирхэг гүрний зэр зэвсгийн тулгарах талбар болж шинэ үеийн Сири болж болохыг онцолсон сэтгүүлчийн асуултад Псаки олигтой хариулж чадаагүй байна.
Одоогийн байдлаар Украины армийн нийтдээ долоон мянган хүнтэй хоёр бүлэглэлийг бүсэлж, сөрөг давшилт наймдугаар сарын 24-нөөс Донецк, Луганскийн салан тусгаарлагчид хийж эхэлсэн байгаа. Мариуполь хотоос 30 км-т орших Новоазовск хотыг хяналтдаа авсаныг БН Донецк Ард Улс наймдугаар сарын 27-нд зарласан.
Украин дахь байлдааны бүсэд зэвсэг нийлүүлж байна гэсэн яриаг Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков лхагва гаригт няцаагаад, тодорхой бус нөхцөлд амь үрэгдсэн гэх оросын десантчдыг оршуулсан тухай цуу яриаг шалгах шаардлагатай гэж мэдэгджээ.
Наймдугаар сарын 27-нд Ростов мужийн Матвеево-Курганы районы Шрамко суурийн хавьд Украины дотоодын цэргийн 63 албан хаагч хоргодох боломж олгохыг оросын хилчдээс хүссэнийг бүс нутгийн аюулаас хамгаалах албаны хилийн албаны удирдах газраас мэдээлсэн байна.
Хилийн албаны удирдлага хүнлэг ёсны зарчмыг дахин удирдлага болгохдоо Украины цэргийн албан хаагчдыг нэвтрүүлж, тэдэнд дамжин өнгөрөх зурвас гаргаж өгөхөөр шийдвэрлэлээ гэж хилийн албаны төлөөлөгч Николай Синицын donnews.ru сайтын сурвалжлагчид хэлжээ.
Ростов мужид орогнох хүсэлт гаргасан Украины цэргийн албан хаагчийн тоо наймдугаар сард нэг мянгад дөхөж байна. Наймдугаар сарын 4-нд хамгийн олноороо хил давсан бөгөөд тэгэхэд 438 цэргийн албан хаагч, тухайлбал 138 хилчин, бусад нь Украины армийн 72 дугаар моторжуулсан бригадын дайчид байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ