Орос улс Бесланы аймшигт явдлын 10 жилийн ойг дурсаж байна

Орос улсын ард иргэдийн хувьд есдүгээр сарын 1 бол хичээлийн шинэ жилийн баярын өдрөөс гадна үндэсний эмгэнэлт өдрийн нэг юм.

Террористууд Оросын Умард Осетийн Беслан хотын сургуулийн байшинг эзлэн авсан тухай мэдээ 2004 оны есдүгээр сарын 1-нд дэлхий нийтийг донсолгосон билээ. Энэ өдөр Расул Хачбаров гэгчийн толгойлсон террористуудын 30 гаруй хүнтэй отряд ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн байшинг эзлэсэн юм.

Баярын шугам жагсаалын үеэр зэвсэглэсэн хүмүүс сургуулийн хашаанд цугларагсдын толгой дээгүүр буудаж, тэнд байсан бүх хүнийг сургуулийн байшинд хөөн оруулж байжээ. Хүмүүсийг үймэлдэж байх зуур цөөхөн хүн л барьцаалагдахаас бултаж чадсан байна.

Террористууд хүүхдүүд, тэдний эцэг, эх, сургуулийн ажилтнууд зэрэг нэг мянга гаруй хүнийг сургуулийн байшинд 3 өдрийн турш хорьж саатуулсан юм. Тэнд олзлогдогсдын өнгөрүүлсэн 50 гаруй цагийн хугацаанд террористууд тэдэнд ус, хоол болон шаардлагатай эм бэлдмэл оруулахаас татгалзаж байжээ.

Террористуудтай хэлэлцээ хийх гэсэн бүхий л оролдлого амжилтгүй болсон байна. Дараа өдөр нь буюу есдүгээр сарын 2-ндсургуулийн байшинд террористуудын оруулахыг зөвшөөрсөн цорын ганц хүн нь БН Ингуш Улсын ерөнхийлөгч асан Руслан Аушев байсан юм.

Тэр 25 эмэгтэй болон бяцхан хүүхдүүдийг өөрийн хамт гаргахыг террористуудаар зөвшөөрүүлж чадсан байна. Үүний дараа ОХУ-ын аюулаас хамгаалах албаныхан сургуулийг дайран эзэлж барьцааны хүмүүсийг суллах ажиллагааг хийхээр шийдсэн юм.

Харамсалтай нь сургуулийг дайран эзлэх явцад хүүхэд, нутгийн оршин суугчид, ОХУ-ын аюулаас хамгаалах албаны ажилтнууд зэрэг 350 гаруй хүн амь үрэгдсэн байна. Барьцаалагдсан бусад хүний (560 гаруй хүн) нэлээд нь шархадсны зэрэгцээ сэтгэл зүйн хүнд цочролд оржээ. Тэдний нүдэн дээр маш богинохон хугацааны дотор террористуудыг оролцуулаад 371 хүн аймшигтайгаар амиа алдсан.

31 террорист алагдаж, нэгийг нь саатуулсан бөгөөд сүүлд нь Нурдаш Кулаев гэгчид бүх насаар нь хорих ял оноосон юм. Сүүлд нь буюу 2004 оны есдүгээр сарын 17-нд Чеченийн салан тусгаарлагчдын тэргүүн Шамиль Басаев Беслан хотод хийсэн энэхүү террорист ажиллагааг зохион байгуулснаа зарласан юм.

Террористууд тэсрэх хэрэгсэл дэлбэлсний улмаас барьцааны хүмүүсийг суллуулах ажиллагааны дараа сургуулийн байшин бараг тэр чигээрээ эвдэрсэн байна.

Буудалцаан, дэлбэрэлтийн үеэр амь үрэгдсэн хүмүүсийг оршуулсан Бесланы дурсгалын оршуулгын газарт энэ хэрэг явдлаас хойш нэг жилийн дараа “Эмгэнэлийн мод” хэмээх нэртэй хөшөөг нээх ёслол болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ