“Лалын улсын” дайчид Чеченьд дайн хийхээр сүрдүүлж байна

Ирак, Сирид байлдааны ажиллагаа явуулж байгаа "Лалын улс" жихадын зэвсэгт бүлэглэлийн (Ирак, Левантын)” идэвхитнүүд дүрс бичлэг тарааж, Чеченийн нутагт дайн эхлүүлэхээр сүрдүүлж байгааг хэвлэлд мэдээлж байна.

Дүрс бичлэгт нэг дайчин булааж авсан сөнөөгч нисэх онгоцны бүхээгээс ярихдаа, “Лалын улс” байгууллага Чечень болон Кавказыг чөлөөлөхөөр нэг ёсондоо Сири, Иракт хийж буй ариун дайнаа өргөтгөхөөр төлөвлөж байгааг дурджээ. Дүрс бичлэг орос орчуулгатай байсан нь сонин юм.

Түүгээр ч барахгүй, лалынхан агаарт засгийн газрын цэрэгтэй тулалдаж эхлэнэ хэмээн Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг бас сүрдүүлсэн байна. Наймдугаар сарын сүүлчээр дээрх байгууллагынхан Табак хотын нисэх буудлыг булаан авч, хүнд их буу, танк, нисэх онгоцуудтай болжээ.

“Ирак, Левантын лалын улс” бүлэглэл зургадугаар сарын сүүлчээр үйл ажиллагаагаа идэвхижүүлсний дараа нэрээ “Лалын улс” гэж сольсон юм.

Тус бүлэглэлийнхэн Иракийн умард болон баруун нутгийн хэд хэдэн томхон хот, нефтийн орд болон бусад стратегийн ач холбогдолтой объетыг эзлэн авч чадсан юм. Мөн тус орны нийслэл Багдад хотыг дайрсан ч, курдийн цэрэгжүүлсэн отрядууд АНУ-ын агаарын цохилтын тусламжтайгаар тэдний дайралтыг няцаажээ.

Лалын дайчидтай тулалдахад нь Иракийн эрх баригчдад АНУ идэвхитэй дэмжлэг үзүүлсээр байгаа. Тухайлбал, америкийн агаарын цэргийн хүчин радикал үзэлтнүүдийн байрлалуудад хэд хэдэн удаа цохилт өгсөн. Тэгвэл ISIS буюу "Лалын улс" бүлэглэл байлдааны ажиллагаагаа Чечень рүү чиглүүлэхээр заналхийлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ