Украинд сөргөлдөгч талууд галаа зогсоолоо

Украины эрх баригчид болон тусгаар тогтнолоо дангаар зарласан БН Донецк, Луганск Ард Улсын төлөөлөгчид баасан гаригт Киевийн цагаар 18.00 цагаас (УБ-ын цагаар 23 цаг – ред.,) гал зогсоох тухай протоколд Минск хотод гарын үсэг зуржээ.
“Интерфакс-Украина” агентлаг хэлэлцээнд ойр дөт байсан учрыг мэдэх хүний хэлснийг иш татан ингэж мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, баримт бичиг 14 зүйлтэй бөгөөд тухайлбал гал зогсоох тохиролцоог хэрхэн сахиж буйг хянах бүх талын асуудлыг тайлбарлаж, олзлогдогсдыг солилцохоор заажээ.
Сүүлд нь Украины ерөнхийлөгч Петр Порошенко өөрийн Twitter-т “гал зогсоох тухай хэлэлцээрийн урьдчилсан протоколд” гарын үсэг зурсан бөгөөд баасан гаригт хүчин төгөлдөр болох ёстой гэж тодруулан тайлбарласан байна.
Порошенко есдүгээр сарын 5-ны 18.00 цагаас эхлэн гал зогсоох тушаалыг жанжин штабын даргад өгсөн тухай мэдээ Украины төрийн тэргүүний сайтад гарсан юм. Протокол 12 зүйлтэй гэж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч Хайди Тальявини тэмдэглэсэн байна.
Хэвлэлд зориулан мэдэгдэл хийсний дараа холбоо барих бүлгийн ажил Минск хотод үргэлжилсэн байна. Хэлэлцээнд Украины ерөнхийлөгч асан Леонид Кучма, БН Донецк Ард Улсын ерөнхий сайд Александр Захарченко, БН Луганск Ард Улсын тэргүүн Игорь Плотницкий, Украинд суугаа Оросын элчин сайд Михаил Зурабов, түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч оролцож байна.
Гэвч хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх боломжгүй гэж хэлэх аргагүй ч, туйлын хэцүү байх болно гэж шинжээчид үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ