Аалзтай алуурчинг хөдөөний тосгоноос барьжээ

Туркийн Абужа Лив хэмээх тосгоноос нэгэн хэрэгтэнг барьсан тухай мэдээлэл тус улсын хэвлэлүүдээр дамжин өрнөдийн мэдээллийн агентлагуудад гарч эхэлжээ. Хэвлэлийнхэн тэрхүү хэрэгтнийг сонирхсон нь учиртай аж. Туркийн иргэн Илкер Мелтас хэмээгч 2008 оноос хойш хүний аминд хүрэхдээ хортой аалз ашиглаж байсан нь илэрчээ.
Тэрээр анх өөрийн багшилж байсан сургуулийнхаа захиралтай муудалцаад улмаар хортой аалз өрөөнд нь тавьж хөнөөсөн байжээ. Тэр үед цагдаа нар сургуулийн захирал багш хордож нас барсныг тогтоосон ч уг хэргийн ард ийм үйлдэл байсныг илрүүлж чадаагүй аж.
Ингээд Мелтас Стамбул хотод очиж хэдэн жил амьдрахдаа хоёр ч хүнийг хортой аалзаараа хордуулж амь насыг нь хөнөөсөн бөгөөд энэ үеэс л цагдаагийнхан сэжиг авч мөрдөж эхэлжээ. Улмаар Мелтас Туркийн зүүн өмнө зүгийн бөглүү тосгонд нууцаар амьдрах болсон бөгөөд цагдаа нар ч хэргийн сэжүүрээс барьж "алуурчин аалз"-ыг хайж эхэлжээ.
Энэ үеэр Мелтас шинээр нүүж очсон тосгондоо нэгэн эмэгтэйтэй гэрлэжээ. Удалгүй нөхрөө аалз сонирхон цуглуулдаг талаар нь хөршүүддээ ярьсан, улмаар хор багатай аалзанд нь хазуулж эмнэлэгт хүргэгдсэн эмэгтэйн сургаар цагдаа нар алуурчинг барьж авсан байна. Ингээд шүүхээс түүнд хүний амийг санаатайгаар бүрэлгэсэн цуврал аллагад сэжиглэн ял оноожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ