Украины арми зүүн нутагт 865 хүнээ алджээ

Украины зүүн өмнөд нутагт хүчний ажиллагаа эхлэснээс хойш тус орны арми болон хүчнийхнээс 864 цэргийн албан хаагч алагдаж, бас 3215 хүн хүнд, хөнгөн шархаджээ.
Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн мэдээлэл-дүн шинжилгээний төвийн төлөөлөгч Владимир Полевой ням гаригт Киевт мэдээлэл хийхдээ энэ тоо баримтыг дурдсан байна.
Наймдугаар сард гэхэд л тус орны зүүн нутагт болсон байлдааны явцад Украины хүчнийхнээс 3,6 мянга гаруй хүн алагдаж, шархадсанаас гадна, тэдний 220 танк, 480 гаруй хуягт тээвэрлэгчийг устгасан болон жагсаалаас гаргаж, түүнчлэн 14 нисэх онгоц, нисгэгчгүй 10 нисэгч аппарат сөнөөснийг тусгаар тогтнолоо дангаар зарласан БН Донецк Ард Улсын журам цэргийн штабын төлөөлөгчид есдүгээр сарын 4-нд мэдээлжээ.
Есдүгээр сарын 5-наас Донецк болон Луганск мужид гал зогсоох горим үйлчилж байгаа юм. Гэвч мөргөлдөөнд оролцогч хоёр тал гал зогсоох горимыг зөрчиж байна гэж бие биенээ зэмлэж байна.
Тухайлбал, Мариуполь хотыг их буугаар буудсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв.
Украины эрх баригчдын террорын эсрэг ажиллагаа хэмээн нэрлэдэг хүчний ажиллагааг өнгөрсөн дөрөвдүгээр сараас явуулж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ