Шотландын тусгаарлахыг эсэргүүцэгчид дахин олонх болжээ

Шотландын тусгаар улс болох явдлыг эсэргүүцэгчдийн тоо Их Британиас тусгаарлахыг зорьж буй хүмүүсийн тооноос нийт ард түмний санал хураалт болохоос долоо хоногийн өмнө дахин давжээ. “YouGov” компанийн социологийн санал асуулгын дүнг иш татан, телевизийн Sky News суваг ингэж мэдээлсэн байна.

Шотландын оршин суугчдын 48 хувь нь тусгаар тогтносон улс болж Англиас салахыг зорьж, харин 52 хувь нь эсэргүүцэж байгааг “Times”, “The Sun” сонины захиалгаар мягмар гаригаас пүрэв гаригт явуулсан судалгаа харуулжээ.

Шотландыг Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнээс гаргах талынхан олонхи болсныг нэг долоо хоногийн өмнө явуулсан өөр нэг санал асуулга харуулсан билээ. Тэгэхэд санал асуулгад оролцогчдын 51 хувь нь энэ өөртөө засах мужийг тусгаарлахын төлөө санал өгч байжээ.

“YouGov” компанийн социологийн санал асуулгад нийт ард түмний санал хураалтаар санал өгөх эрхтэй 1268 хүн оролцсон байна. “Survation” компаниас явуулсан өөр нэг судалгаанаас үзвэл, шотландчуудын 47 хувь нь Их Британиас тусгаарлахыг зорьж байгаа ажээ.

Шотландын тусгаарлах тухай асуудлаар нийт ард түмний санал хураалт энэ есдүгээр сарын 18-нд болох ёстой юм. Хэрвээ хүн амын олонх нь Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнээс гарахын төлөө санал өгвөл, Шотланд Их Британитай холбоотой хэвээр үлдэх ч тусгаар улс болно.

Түрүүнд нь Британийн ерөнхий сайд Дэвид Кэмероннийт ард түмний санал хураалтаар Нэгдсэн вант улсаас тусгаарлахын эсрэг санал өгөхийг уриалаад, хэрвээ Их Британийн бүрэлдэхүүнд үлдвэл, энэ автономит нэгжид ахиухан эрх олгохоор амласан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ