Хөршүүдийн шахалт

Хагас сарын хугацаанд манай улсын нийслэлд хоёр хөршийн маань удирдагч нар айлчилж, улмаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ээлжит хуралдааны үеэр гурван талт уулзалт хийгээд амжлаа. Ардчилал гарснаас хойш хоёр хөрштэйгөө ёс төдий харилцаатай байж гурав дахь хөршүүдтэйгээ илүү ойр байж ирсэн Монгол Улсын гадаад харилцааны зам арай өөр чиглэлд хазайж эхэлснийг өрнөдийн орнуудын хэвлэлд бичиж байгаа.

Даян дэлхийд улам бүр хүч, нөлөөгөө өргөжүүлсээр байгаа мөнхийн хөршүүд болох Орос, Хятадтай стратегийн дээд түвшинд найрсгаар харилцаж, хамтдаа хөгжнө гэдэг бодлого Монголд ашигтай.

Хэдийгээр бидний харилцаа хөрш улсуудын хувьд байж болох маш өндөр түвшинд очиж байгаа нь гуравдагч хөршүүдтэйгээ харилцах харилцаанд нөлөөлөхгүй гэж мэдэгдсээр байгаа боловч геополитикийн тавцанд өрнөж буй явдлууд биднийг хүссэн хүсээгүй хөдөлгөөнд оруулах нь дамжиггүй.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Тажикстаны нийслэл Душанбе хотноо өнгөрөгч долоо хоногт болсон хуралдаанд Монгол Улсын ажиглагч гишүүний статусыг өөрчилж бүрэн хэмжээний гишүүн болгоно гэсэн мэдээлэл гадаад, дотоодгүй тархаж байсан.

Энэ байгууллага нь цэргийн эвсэл биш хэдий ч гишүүн орнууд нь батлан хамгаалахаас эхлүүлээд бүх салбарт нарийвчлан хамтран ажилладаг бусдынхаа эрх ашгийн төлөө бүгд нэг үгээр дуугардаг ба яваандаа АНУ тэргүүтэй өрнөдийн гүрнүүдийн цэргийн эвсэл болох НАТО-г сөрөн зогсох цорын ганц олон улсын байгууллага болно хэмээн яригддаг.

Ийм байгууллагын гишүүн болсноор Монгол Улс гуравдагч түншүүд болох АНУ, Япон, БНСУ-ын эсрэг цаашлаад өрнөдийн гүрнүүдийн эсрэг Орос, Хятад хэмээх ШХАБ-ынхаа хоёр тэргүүлэгч гүрний эрх ашгийн төлөө дуугарах нь гарцаагүй болно.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ байдлыг урьдчилан харж маш эвтэйхнээр байр сууриа илэрхийлснээр энэ удаад бид гадаад бодлогоосоо хазайх шаардлага гарсангүй.

"Миний бүрэн эрхийн хугацаанд Монгол Улс ажиглагч статустайгаа л явах болно, Одоогийн бидний томъёолж байгаа томъёоллоор бол Монгол Улс их идэвхтэй ажиглагч орон, цаашдаа ч бид байгууллагынхаа ажилд идэвхтэй оролцоно. Одоохондоо ажиглагчийн статус нь бидэнд хангалттай юм" хэмээн тэрээр хуралдааны үеэр сэтгүүлчдэд хэлсэн юм.

Гэхдээ гурван талт уулзалтын үеэр энэ асуудлыг хөршүүдийн тэргүүн нар хөндөн тавьж битүүхэндээ сануулж байгаа нь илт байв.

Жишээ нь БНХАУ-ын дарга Си Зиньпин ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос тавьсан Улаанбаатарын гурван талт уулзалтын зарчим, зорилго болон АПЕК-т элсэх саналын хариуд үг хэлэхдээ "Монголын тал АПЕК-т элсэх саналтай байна. Энэхүү саналыг бид нар дэмжиж байна. Олон жилийн дараа ШХАБ-ын гишүүн орнуудыг нэмэгдүүлэх хуулийн бэлтгэл үйл ажиллагаа дуусах гэж байна Монгол бол тус байгууллагын анхны ажиглагч орон. Аль болох жинхэнэ гишүүн болох нь тус байгууллагын хувьд ашигтай. Мөн Монголын аюулгүй байдал болон хөгжлийн ашигт нийцнэ. Монголын найрсаг хөрш, стратегийн түншийн хувьд Монгол Улс ШХАБ-т элсэхэд нааштай хандаж байна. Монголын тал үүнийг нухацтай судлахыг хүсч байна" гэсэн юм.

Тэгвэл В.Путин "Бидний гурван талын уулзалт ШХАБ-ын уулзалтын үеэр болж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй юм. Манай Монголын анд нөхөд зохих шийдвэр гаргаж Монгол Улсыг ШХАБ-ын бүрэн хэмжээний гишүүн болгох асуудалд гишүүн орнууд бүгдээрээ бэлэн гэж бодож байна" хэмээсэн ба гишүүн орнуудын хуралдааны төгсгөлд "2015 оноос эхлэн Орос улс ШХАБ-ыг толгойлно, энэ үед манай байгууллага өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн нь магадгүй монголчуудад дайсан үг бөгөөд хоёр их хөрш маань биднийг эргэлт буцалтгүй стратегийн холбоотноо болгохыг хүсч байгаагийн илрэл юм.

Үүнтэй холбогдуулан сэтгүүлчийн "ШХАБ-т гишүүнээр хүчээр элсүүлээд гэрчилгээ өгнө гэсэн таамаг байна?" гэсэн асуултад Ц.Элбэгдорж хариулахдаа "Тийм зүйл байхгүй. Тийм бүдүүлэг арга хэрэглэхгүй байх. Бидэнд шууд гишүүнээр элсүүлсэн үнэмлэх гардуулсан ч бид хүлээж авах уу, үгүй юу гэдгээ өөрийнхөө улсын түвшинд илэрхийлэх боломж байгаа. Бид саналаа маш тодорхой хэлж байгаа" гэсэн нь ч магадгүй энэ удаа хөршүүдийн зүгээс шахалт ирж болох байсныг илтгэсэн хариулт байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ