“Лалын улс"-ын эсрэг хуурай замын цэргийн ажиллагаа явуулахаар Обамаг шахаж байна

Ирак, Сирид байлдаж буй “Лалын улс” (ЛУ) террорист бүлэглэлийн эсрэг хуурай замын ажиллагаа явуулахыг Бүгд найрамдах намын хэд хэдэн нэрт зүтгэлтэн ням гаригт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаанд уриалжээ.
Хэрвээ одоо "Лалын улс" бүлэглэлийг зогсоохгүй бол, сүүлдээ тус бүлэглэл АНУ-д халдана гэж Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Линдси Грэм мэдэгджээ. “Тэд энд ирэх бодолтой байгаа. Бүлэглэлийг устгахын тулд түүний удирдагчдыг устгах юмуу баривчлах шаардлагатай. Ерөнхийлөгч яаралтай арга хэмжээ авах ёстой. Ингэх нь Ирак, Сирийн төдийгүй, бидний тэмцэл юм” гэж Грэм телевизийн Fox News сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Ойрхи Дорнодын шинэ дайнд татагдан орох хэрэгтэй гэж би хэлээгүй. Гэхдээ бид тодорхой тооны хуурай замын цэрэг ашиглахгүйгээр "Лалын улс" бүлэглэлийг дийлэхгүй гэж эцэг Жорж Бушийн засаг захиргаанд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жеймс Бейкер мэдэгдсэн байна.
“Дан ганц агаараас ажиллагаа явуулах нь учир дутагдалтай байх болно” гэж үзэж байгаагаа ТТГ-ын захирал асан Майкл Хейден бас илэрхийлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Обама "Лалын Улс"-ын эсрэг тэмцэх АНУ-ын стратегийг тайлбарлаж, америкийн агаарын цэргийн хүчин Ирак, Сири дахь лалынханд агаараас цохилт өгч, харин тэдний эсрэг хуурай замын давшилтын ажиллагааг Иракийн арми болон Сирийн аядуу үзэлт сөрөг хүчний отрядууд явуулахаар заасан юм.
Тийнхүү АНУ Ирак, Сири дэх лалынхны эсрэг ажиллагаанд хуурай замын цэрэг ашиглахаар төлөвлөөгүй байгааг төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ням гаригт нотложээ. Гэхдээ америкийн холбоотон болон түншүүдээс ямар улс "Лалын улс"-ын дайчдын эсрэг хуурай замын ажиллагаа явуулахын тулд цэргээ илгээхэд бэлэн байгааг тэр тодруулаагүй байна.
“Ирак, Левантын лалын улс” (ИЛЛУ) нь Ирак болон Сири, Левантын (хуучин франц хэлээр “нар мандах зүг” гэсэн утгатай үг юм) нутагт ажиллаж байгаа юм. Левант нь Сири, Ливан, Израиль, Иордан, Палестин, Египет, Турк, Киприйн нутаг дэвсгэрийг хамардаг Газрын дундад тэнгисийн зүүн хэсгийн түүхэн нутаг юм.
Байгуулагдсан түүх
2013 оныг хүртэл тус бүлэглэл “Иракийн лалын улс” (ИЛУ) гэж нэрлэгдэж байжээ. Ирак дахь “Аль-Каида” бүлэглэлийн тэргүүлсэн сүннит шашны радикал үзэлт 11 бүлэг нийлснээр 2006 оны аравдугаар сарын 15-нд байгуулагдсан байна. "ИЛУ" Иракийн сүннит шашинтнуудын оршин суудаг нутгийг булаан эзлэж, АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүчнийг Иракаас гармагц түүнийг лалын сүннит шашны цэрэгжүүлсэн улс болгох зорилго тавьжээ.
"Лалын улс"-ын талд 20-30 мянган дайчин байлдаж байна гэж Ойрхи Дорнод, Персийн булангийн цэргийн судалгааны Дубайн хүрээлэнгийн шинжээчид үзэж байна. Британийн “Экономист” сэтгүүлийн өнгөрсөн зургаадугаар сарын дугаарт бичсэнээр, Иракт ИЛЛУ-ын 6 мянга, Сирид 5 мянган дайчин, тухайлбал гадаадын 3 мянган хөлсний этгээд байгаа гэжээ.
Санхүүжилтийн эх үүсвэр
Шинжээчдийн үзэж байгаагаар, дээрэм тонуулоос олдог орлого, барьцааны хүмүүсээс нэхэж авдаг мөнгө нь тус бүлэглэлийн санхүүгийн эх сурвалж болдог ажээ. Тухайлбал, 2014 оны зургадугаар сард Мосул хотод тус бүлэглэлийн дайчид Иракийн төв банкны салбарыг дээрэмдэж, янз бүрийн мэдээгээр, 900 саяас 2 тэрбум ам.доллар хулгайлсан байна. Үүнээс гадна, ИЛЛУ Персийн булангнийн орнууд, тухайлбал Башар Ассадын дэглэмийн эсрэг тэмцлийг дэмждэг Кувейт, Саудын Аравийн хувийн хөрөнгө оруулагчдаас мөнгө авдаг байж магадгүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ