Сургуульд хийжүүлсэн ундаа худалдахыг хориглоно

ОХУ-ын Олон нийтийн танхимын нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Владислав Гриб ерөнхий сайд Дмитрий Медведевт хандан, сургууль, хүүхдийн эмнэлэг болон насанд хүрээгүй хүүхдийн бусад байгууллагад хийжүүлсэн чихэрлэг ундааг жижиглэнгээр худалдахыг хориглохыг хүсчээ.
“Хиймэл өнгө оруулагч, консервант болон амт оруулагчийн их агууламж бүхий хүчтэй хийжүүлсэн чихэрлэг ундааг газар сайгүй хяналтгүйгээр хэрэглэж, улмаар үндэстний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болоход Олон нийтийн танхимын гишүүд сэтгэл зовинож байна” гэж Гриб захидалдаа бичсэнийг “Известия” сонинд иш татсан байна.
Олон нийтийн танхимын гишүүд энэ асуудлаарх дэлхийн туршлагыг дурдаж байгаа бөгөөд зарим орон, тухайлбал Америкийн хэд хэдэн мужид хүүхдийн байгууллагуудад хийжүүлсэн ундаа худалдахыг хуулиар хоригложээ.
“Үйлдвэрлэгч орноос үл хамааран чихэр агуулсан бүх хийжүүлсэн ундааг хориглох ёстой гэж бид үзэж байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд тавьж буй анхаарал халамж бөгөөд гадаадад ч ийм анхаарал халамжийг маш хүчтэй тавьдаг юм. Бид наанадаж хүүхэд багачуудын эрүүл хор хүргэдэггүй тэр ундааг илүүтэй сурталчлах хэрэгтэй хэмээн би үзэж байна” гэж Гриб тэмдэглэжээ.
“Хүүхэд эцэг, эхийн хараа хяналтгүйгээр авч болох насанд хүрээгүй хүүхдийн байгууллагуудад хийжүүлсэн чихэрлэг ундаа худалдахыг “дээд зэргээр хязгаарлаж, болж өгвөл хуульчилан хориглохыг” тэр санал болгож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ