Германы бизнесменүүд Оросын эсрэг хоригийг шүүмжилж байна

“Хориг арга хэмжээг хүчин төгөлдөр болгохгүй байх замаар Украинд гал зогсоох горимыг бататгана хэмээн бид найдаж байсан юм. Шинэ хориг арга хэмжээ хямралыг шийдвэрлэхэд тус болохгүй. Одоо бид хориг арга хэмжээний аюултай эргүүлгийн эхэнд байгаа нь лавтай” гэж тэр мэдэгджээ.
Би Германы засгийн газрын үйлдэлд гайхаж байгаагийн сацуу, эдийн засгийн хориг арга хэмжээ одоо болтол улс төрийн ямар нэг ахиц дэвшилд хүргээгүй хэмээн үзэж байна гэж Кордес тэмдэглэжээ.
Дэлхий глобалчлагдсан нөхцөлд “Орос шиг өргөн уудам нутагтай, нөөцөөр баялаг тийм орны” эсрэг хориг арга хэмжээ авч болно гэдэгт тэр эргэлзэж байна. Ингэхдээ хориг арга хэмжээнд оролцохгүй байгаа (Ази, Өмнөд Америкийн орнууд) болон бага оролцож байгаа орнуудыг (Швейцарь) тэр дурдсан байна.
“Тийнхүү бид урт хугацааны улс төрийн үр дүнд хүрэх найдлагагүйгээр өөртөө улам их хор хохирол учруулж байна” гэж Кордес онцлон тэмдэглэжээ.
Дорнодын хороо нь гол төлөв Орост хөрөнгө оруулж байсан 200 компанийг төлөөлдөг байна. “Германы дунд ангийнхан хориг арга хэмжээнд ихэд харамсаж байна. Энэ нь Орост өөрийн чамгүй бизнестэй бөгөөд бусад зах зээлд амархан орчихож чадахгүй байгаа бага болон дунд бизнесийн үйлдвэрүүдэд онцгой хамаатай юм. Тийнхүү ийм бизнесийн оршин тогтноход аюул учирч байна” гэж Кордес тайлбарлажээ.
Есдүгээр сарын 12-нд АНУ болон ЕХ Оросын эсрэг дахин хориг арга хэмжээ авсан юм. Оросын эдийн засгийн газрын тос, батлан хамгаалахын болон банкны сектор уг хязгаарлалтад хамрагдаж байна.
2014 оны хоёрдугаар улиралд Германы дотоодын нийт бүтээгдэхүүн 0,2 хувиар буурчээ. Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын сангийн яам мэдэгдэхдээ, Оросын эсрэг хориг арга хэмжээ нь сөрөг үзэгдлийн шалтгаан болсон байж болох юм гэжээ. “Бууралт нь хориг арга хэмжээтэй, түүнчилэн Украины хямралаас эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлж буй сөрөг нөлөөтэй холбоотой гэж үзэх үндэслэл бий” гэж тус яамны мэдээнд тэмдэглэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ