Оросын ГХЯ хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв

Оросын тал АНУ-ын эсрэг хариу хориг арга хэмжээ авахад хүрч байна, гэхдээ оновчтой, шударгаар хамтран ажиллах “үүд хаалгыг нээлтэй” байлгаж байна. Баасан гаригт гаргасан Оросын ГХЯ-ны албан ёсны мэдэгдэлд ингэж өгүүлжээ.
“Бидний авах хориг арга хэмжээ нэг их хүлээлгэхгүй, гэхдээ энэ нь аргагүйн эрхэнд авах арга хэмжээ гэдгийг бид нэг бус удаа хэлж байсан” гэж тус яам мэдэгдсэн байна.
Оросын гадаад бодлогын байгууллага Америкийн хориг арга хэмжээг ээлжит дайсагнасан арга хэмжээ, харин Обамагийн засаг захиргааны бодлогыг сөргөлдөх бодлого гэж үзэж байна. “АНУ Украины дотоодын мөргөлдөөнийг шатлан өргөжүүлж, ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээний даралт шахалтыг хүчтэй болгохоор санаархаж байна” гэж ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
Үүнээс гадна, Оросын тал тус орны эсрэг хориг арга хэмжээ авахаар зорьж буй америкийн улс төрчдийг АНУ-ын бизнесийн болон үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолыг хөсөрдүүлж байна гэж зэмлэсэн байна.
Гэхдээ Орос улс Украины хямралыг зохицуулах асуудлаар АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж ГХЯ тэмдэглэжээ. “Бие биеийнхээ эрх ашигийг хүндэтгэх нь Украины дотоодын мөргөлдөөнийг бүх талын санаанд нийцүүлэн шийдвэрлэх арга замыг олоход туслаж чадна гэдгийг Вашингтоны засаг захиргаа хүлээн зөвшөөрөх ёстой” гэж гадаад бодлогын байгууллагын хэвлэл алба онцлон тэмдэглэжээ.
Есдүгээр сарын 12-нд АНУ, Европын холбоо Оросын эсрэг дахин хориг арга хэмжээ авсан юм. Энэ хориг арга хэмжээнд Оросын эдийн засгийн нефть, батлан хамгаалахын болон банкны салбар хамрагдсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ