С.Лавров: АНУ-ын улс төр, эдийн засгийн нөлөө суларч байна

Өрнөдийн зарим орон Украины хямралыг олон улсын тавцанд Оросыг ганцаардуулах арга болгон ашиглаж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үзэж байна.

Хөрш орон нь “бусдын гарт тоглоом” төдий зүйл болохыг Оросын удирдлага хүсэхгүй. Одоо өрнөдийнхөн дэлхийн улс төрийн тавцанд өөрийн нөлөөг хадгалахын төлөө үхэн хатан зүтгэж, дэлхийн дэг журмын ирээдүй үүнээс шалтгаална хэмээн үзэж байгаа юм.

Тэд олон улсын систем дэх өөрсдийнх нь “зонхилох байр суурь” уруудаж буйг зогсоож, “Оросыг тогтоон барьж”, ингэхдээ одоо Украины хурц хямралыг ашиглаж байна гэж тэр онцлон тэмдэглэжээ.

Өрнөдийн орнууд бараг аливаа зэвсэгт мөргөлдөөнд цус асгаруулсан хэрэг явдлыг зогсоохыг зорьж байдаг бол, Украины тохиолдолд яагаад ч юм ингэхгүй байгаа нь хачирхалтай гэж тэр хэлсэн байна. Украины зүүн өмнөд нутгийн ус, хоол хүнс, эм бэлдмэлээр гачигдаж буй оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх замд саад тогтгор учруулж байсныг ч сайд дурджээ.

Дэлхийд АНУ-ын улс төрийн төдийгүй, эдийн засгийн нөлөө суларч байна гэж ГХЯ-ны тэргүүн үзэж байна. АНУ, ЕХ-ны дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ буурч, түүнчлэн эдийн засгийн өсөлт, улс төрийн нөлөөний шинэ төвүүд бий болж байгаа нь үүнийг харуулж байна гэж тэр хэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ