Сергей Шойгу: Оросын хилийн хаяанд гадаадын цэргийн тоо нэмэгдэж байна

Крымын чиглэлд цэргийн бүрэн хэмжээний бүлэглэл байрлуулах нь Оросын армийн хувьд нэн тэргүүлэх зорилт болж байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд армийн генерал Сергей Шойгу цэргийн байгууллагын зөвлөлийн хуралдааны үеэр ингэж мэдэгджээ.

Интерфакс агентлаг энэ тухай мэдээлэхдээ "Энэ он гарсаар стратегийн учир холбогдолтой баруун өмнөд чиглэлийн цэрэг-улс төрийн байдал мэдэгдэхүйц өөрчлөгдлөө. Энэ нь Крымийг Оросын бүрэлдэхүүнд орсны дараа өмнөд цэргийн тойргийн нутаг дэвсгэр тэлсэнтэй ихээхэн холбоотой юм. Үүнээс гадна,Украины байдал эрс хурцдаж, манай хилийн яг хаяанд гадаадын цэргийн тоо нэмэгдэж байна" гэж Шойгу хэлснийг дамжуулжээ.

Орос улс 2010 оноос үйлчилж буй цэргийн номлолд хэд хэдэн засвар оруулна гэдгээ 2014 оны есдүгээр сарын эхээр БХЯ зарласан юм. Тэгэхэд үүнийг НАТО-гийн хил тэлж, пуужингийн довтолгооноос хамгаалах системийн асуудал үүсч, түүнчлэн Украины зүүн нутаг болон түүний эргэн тойрны хямрал хурцадсантай холбоотой гэж тайлбарлаж байв хэмээн РБК сайтад бичжээ.

Есдүгээр сарын эхээр Уэльст болсон НАТО-гийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцогчид эвслийн зүүн хил хязгарыг бэхжүүлэх учиртай “Шуурхай ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө” гэгчийг зөвшин тохирсон юм.

Энэ нь 5 мянга хүртэл цэрэг бүхий НАТО-гийн шуурхай ажиллах тэргүүн байрлалын эхний бүлэглэл байгуулна гэсэн үг юм. Ийм бүлэглэлийг хүлээн авахад Балти орчмын орнууд, түүнчлэн Польш, Румын бэлэн байгаа ажээ.

Уг төлөвлөгөөний хүрээнд хуурай замын цэргийн явуулын анги нэгтгэл бас байгуулах юм. Энэ нэгтгэл нь 10 мянга хүртэл хүнтэй байх бөгөөд үүнийг байгуулахад бэлэн байгаагаа Их Британи, Дани, Нидерланд, Норвег, түүнчлэн Балти хавийн орнууд илэрхийлсэн юм. Нэгтгэлийн штабыг Польшид байрлуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Сөргөлдөгч цэргийн эвслийн зүгээс Украины хилийн дотоод шууд оролцохгүй байгаа ч Оросын хилийн гадна иймэрхүү идэвхтэй цэргийн шийдлүүд явагдаж эхэлсэн нь Сергей Шойгугийн санааг түгшээж байгаа бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ