Рад Донбассын онцгой статусын тухай хууль батлав

Украины Дээд Рад Донбассын зарим нутгийн онцгой статусын тухай хуулийн төсөл баталлаа гэж “РБК-Украина” сайтад бичжээ. Парламентын гишүүдийн 277 нь (Украины Дээд рад нийтдээ 450 суудалтай юм) дэмжсэн байна.

Хуулийн төсөлд террорын эсрэг ажиллагааны бүсэд байгаа (журамт цэргийнхний цэргийн ажиллагааг Украины эрх баригчид ингэж нэрлэдэг юм) Донецк, Луганск мужийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт удирдлагын онцгой журам тогтоохоор заажээ. Баримт бичигт дурдсанаар, ийм горим гурван жил үйлчилэх ажээ.

Эрх баригчдын хянадаггүй Донбассын зарим нутгийг “тусгаарлах” хэрэгтэй гэж ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Луценко түрүүнд нь мэдэгдсэн юм. Энэ нутаг дэвсгэрийг Оросоос санхүүжүүлж болох юм гэж тэр бас мэдээлсэн байна.

“Эдийн засгийн онцгой бүс байх бөгөөд бид түүнийг эдийн засгийн чөлөөт бүстэй харьцуулмаар байна, өөрөөр хэлвэл олсон орлого бүс нутагт үлдэнэ. Түүнчлэн энэ бүсийн төсвийг Орос, Украины хөрөнгөөр сэлбэж болно. Хэрвээ энэ нь онцгой статус юм бол, тэд бүх зүйлийн төлбөрийг өөрсдөө хийх ёстой” гэж Луценко тэмдэглэжээ.

Ерөнхийлөгчийн саналыг “Эрх чөлөө”, ”Батькивщина” бүлгийн зүгээс шүүмжилсэн байна. Тухайлбал, ”Батькивщина” бүлгийн төлөөлөгч Андрей Павловский уг саналыг “нутаг дэвсгэрээ хэрэг дээрээ зүгээр өгч байгаа” хэрэг гэж дүгнэжээ. Харин журамт цэргийнхний хянаж байгаа Донбассын зарим нутагт онцгой статус олгож байгаа нь мөргөлдөөнийг зогсооход хүргэж болох юм гэж Украины улс төр судлаачид тэмдэглэжээ.

Депутатууд журамт цэргийнхэнд өршөөл үзүүлэх тухай ерөнхийлөгчийн хуулийн төслийг бас дэмжсэн байна. Донбассын онцгой статусын тухай хууль хэрэгжсэнээр БН Донецк болон Луганск Ард Улс тусгаар тогтнож чадна гэж БН Донецк Ард Улсын ерөнхий сайд Александр Захарченко найдаж байна.

“Хэрвээ Дээд радын депутатууд хуулийг батласнаар бидний тусгаар тогтнолын төлөө санал өгсөн бол, үүнд баяр хүргэхээс аргагүй” гэж Захарченкогийн хэлснийг Интерфакс агентлаг иш татан дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ