АФК “Система” компанийн эзнийг юунд буруутгаж байна вэ?

АФК “Система” компанийн эзэн Владимир Евтушкенковыг 2014 оны арваннэгдүгээр сарын дунд хүртэл гэрийн хорионд байлгахаар мягмар гаригт шийдвэрлэжээ.

Түүнийг мөнгө угаасан хэрэгт сэжиглэж байгаа гэнэ. Гэрийн хорионд байх горимыг хэрхэн сахиж байгааг хянах зорилгоор түүнд электрон бугуйвч зүүлгэсэн байна.

Санхүүгийн “Система корпораци” гэдэг нээлттэй хувьцаат нийгэмлэг нь оросын санхүү-аж үйлдвэрийн групп бөгөөд 2013 оны Fortune Global 500 жагсаалтад 308 дугаар байранд орсон юм.

Төв байр нь Москвад байдаг. Компанийн ерөнхийлөгч нь Михаил Шамолин. Санхүү-аж үйлдвэрийн хувьцаат корпорацийн захирлуудын зөвлөлийн дарга Владимир Евтушенков компанийн хувьцааны 64,18 хувийг эзэмшдэг ажээ. Бас хувьцааны 19 хувь нь GSR-ийн хэлбэрээр Лондоны биржд эргэлдэж байдаг. Үлдсэн үнэт цаас нь хувь хүмүүсийн дунд тараагджээ.

“Система” корпорацийн үндсэн активт хөдөлгөөнт телесистем, анагаах ухааны МЕДСИ холдинг, машины үйлдвэр, Башкирын түлш-эрчим хүчний “Башнефть” цогцолборын 11 үйлдвэр багтдаг. 2005 онд “Система” корпораци Лондоны биржэд IPO явуулж, байршуулах явцад 1,3 тэрбум ам. доллар татаж байв.

2014 оны хоёрдугаар улиралд тус корпорацийн орлого 8,8 тэрбум ам.доллар болсон байна. Өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулвал цэвэр ашиг нь 47,7 хувиар өсч, 509,6 сая ам. доллар болжээ.

Тус корпорац 1993 онд байгуулагдсан байна. 2007 оноос компани Энэтхэгийн 13 үүрэн телефоны хамгийн бага (2007 оны байдлаар) Shyam Telelink операторын хувьцааны 73%-ийг эзэмшдэг бөгөөд сүүлд нь уг оператор Sistema Shyam TeleServices Ltd. (SSTL) гэж нэрээ өөрчилжээ.

2009 оны гуравдугаар сар хүртэл санхүү-аж үйлдвэрийн “Система” корпораци «Бүс нутаг хоорондын Транзиттелеком» компанийн санал өгөх хувьцааны 50%-ийг эзэмшиж байжээ. Уг компанийн хувийг хаалттай хувьцаат “Синтерра” нийгэмлэгт худалдсан тухай 2009 оны гуравдугаар сард зарласан байна.

2009 оны дөрөвдүгээр сарын 9-нд Башкирын түлш-эрчим хүчний цогцолборын компаниудын хяналтын багц хувьцааг худалдан авч, хэлцлийн төлбөрийн дансанд 2 тэрбум ам.доллар шилжүүлжээ.

2011 оны зургаадугаар сарын 1-нд “Система” корпораци телевиз-радио өргөн нэвтрүүлгийн “Московия” компани гэдэг нээлттэй хувьцаат нийгэмлэгийн саналын хувьцааг 100 хувь худалдан авсан байна.

«Башкирэнерго» нээлттэй хувьцаат нийгэмлэгийг өөрчлөн байгуулах ажил 2012 онд дуусч, тус нийгэмлэгийг хоёр компани болгон хуваажээ. Эндээс корпорац мөнгөн хэлбэрээр 11,2 тэрбум рубль, «ИНТЕР РАО ЕЭС»-ийн вексель авсан байна.

2012 оны арваннэгдүгээр сард “Система” корпорац төмөр замын “СГ транс” операторыг улсаас бүрэн авч, энэ хэлцлийн үнийн дүн нь 22,7 тэрбум рубль болжээ.

“Система” корпорацын гол эзний хэргийн учир юунд байна вэ?

2014 оны есдүгээр сарын 16-нд Оросын мөрдөн байцаах хороо мөнгөн хөрөнгө угсаасан хэргээр Владимир Евтушенковыг сэжигтнээр албан ёсоор татсан байна. Түүнийг БН Башкортостан Улсын түлш-эрчим хүчний цогцолборт багтдаг үйлдвэрийн газруудын хувьцааны талаар луйвар хийсэн гэж сэжиглэж байгаа ажээ.

2014 оны долдугаар сард Москвагийн Басманы шүүх “Система” корпорацийн мэдлийн “Башнефть” компанийн хувьцааны 84,33 хувийг битүүмжилсэн байна. Мөн энэ сард Евтушенковыг ч анх удаа байцаахаар дууджээ.

Есдүгээр сарын 17-нд Москвагийн биржийн арилжаа нээгдэхэд “Система” корпорацын хувьцааны үнэ 26 хувиар буурсан байна. Владимир Евтушенковын бусад компанийн хувьцааны үнэ ч буурчээ.
Энэ нөхцөлд “Система” корпорац мэдэгдэл хийж, башкирийн түлш-эрчим хүчний цогцолборын компаниудтай хийсэн бүх хэлцэл хууль ёсны, ил тод болсон гэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ