Томчуудын өвчин төрөх эмнэлэгт халдав

Манай төрийн удирдлагууд нэршилтэй зууралдах зуршилтай болжээ. Тухайлбал, орон нутгийн, нисэх буудлын, нийслэлийн төв талбайн нэрийг бүгдийг нь Чингис хаанаараа овоглосон. Энэ нь олон нийтийн магтаал, шүүмжлэл аль алиныг багагүй хүртсэн. Тэр зуршил энэ удаад эрүүл мэндийн салбарт халджээ.

Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн Нэгдүгээр амаржих газрыг Нийслэлийн Өргөө амаржих газар, Хоёрдугаар амаржих газрыг Нийслэлийн Хүрээ амаржих газар, Гуравдугаар амаржих газрыг Нийслэлийн Амгалан амаржих газар хэмээн нэрийдэх болжээ.

Эрүүл мэндийн нэгдэл гэдэг байсныг эрүүл мэндийн төв гэж сольсон байна. Нэр шинэчлэхээр чанар нь дээшилдэг бол яая гэхэв. Ер нь үүний цаана ямар ашиг, сонирхол нуугдаж байгааг энгийн иргэд гадарлаж л байгаа. Тэд хардах эрхтэй.

Байгууллагын гадна хаягийг солихоос эхлээд олон төрлийн урсгал зардал бий болно. Тэр бүү хэл, Улаанбаатар хотод төрсөн иргэн бүрийн төрсний гэрчилгээг солих асар том ажил гарна. Үгүй юм аа гэхэд, иргэдэд төөрөгдөл үүсч эхлэнэ. Бие тулгар эхчүүд аль төрөх газрыг юу гэж нэрлэдэг билээ гэж сандарч, төөрөлдсөнөөс ямар ч эрсдэлд хүрч мэдэх юм.

Хуучнаар Нэгдүгээр амаржих газарт очих ёстой байтал Нийслэлийн Хүрээ амаржих гэж эндүүрээд л өөр тийшээ явчих төөрөгдөл хөдөөнөөс орж ирсэн эрчүүдийн хувьд гарах л болно.

Гол нь заншсан нэрнээсээ салж чадалгүй байсаар бөөн хөрөнгө мөнгө салхинд хийсэх нь тодорхой.

Иймэрхүү явцгүй, үр дүнгүй шийдвэрийг яагаад үргэлжлүүлсээр байна вэ?

Угтаа улс эх оронд минь хийх юм их байна. Нэгэнтээ эрүүл мэндийн салбар луу хазайсан болохоор энд нэгэн жишээ дурдъя л даа.

Саяхан Эрүүл мэндийн сайд Н.Удвал Туркийн элчин сайдтай уулзаж шаардлагатай гэх хэдэн санал тавьсан байсан. Энэ нь сайшаалтай хэдий ч яаралтай авч хэрэгжүүлэх ажил бас байна.

Монгол Улсад ганцхан байдаг зүйл олон бий. Түүний нэг бол ХӨСҮТ юм. Тус төвийн сүрьеэгийн клиникийн мэс заслын тасгийн гол хэрэгцээт хоёр аппарат дутуу ажиллах болсон гэсэн сураг сонсогдох болов.

Үүнээс болж яаралтай хагалгаа хийлгэх хүмүүсийг 10-аад хоног хүлээлгэсэн байна. Энэ талаар тус төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал н.Тунсагаас тодруулах гэсэн ч “Энэ бол байгууллагын дотоод асуудал. Ямар ч мэдээлэл өгөхгүй. Яамнаас багаж өгсөн болохоор бид мэс заслыг эхлүүлсэн” гэлээ.

Үүнээс үзэхэд, өвчтөн ямар эмчилгээг яаж авч байгаагаа мэдэх эрхгүй, нууц байх ёстой гэсэн ойлголт төрүүлээд байгаа юм. Тодорхой эх сурвалжуудаас авсан мэдээллээр дээрх хоёр аппарат нь мэс ажилбарын үед гол төхөөрөмж нь болох хүчилтөрөгчийн болон унтуулгын аппарат байжээ. Тэгэхээр эдгээр өвчтнүүд ямар өндөр эрсдлийг хүлээн амьдрал өөд тэмүүлж байгаа нь тодорхой. Ёстой л алтан гарт эмч нарынхаа буянаар тэд амьдралтай золгож яваа биз.

Сайд та эмнэлгүүдэд сайхан нэр оноох ажилтай бус шаардлагатай ажлаа ялгаж ажиллах цаг нь болжээ. Эс бөгөөс цаана чинь хүний амь...Нөр их ажил хаа сайгүй байсаар атал нэр бодож суусаар байх уу дарга нар аа.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ