Украиныг НАТО-гийн гаднах АНУ-ын гол холбоотон гэж зөвшөөрөхөөс татгалзжээ

Америкийн ерөнхийлөгч Барак Обама Украинд НАТО-гийн гаднах АНУ-ын гол холбоотны тусгай статус олгохоос татгалзжээ. Украины ерөнхийлөгч Петр Порошенко телевизийн CNN сувгийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө ингэж мэдээлсэн байна.

Обама Украин улсад ийм статус олгосон эсэх тухай хөтлөгчийн асуултад Порошенко хариулахдаа, “тэр ийм статус олгохгүй гэсэн, учир нь бид нэгэнт тусгай статустай. Аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудлаар АНУ, Украины харилцааны түвшин НАТО-гийн гаднах гол холбоотны статусын шаардаж байгаагаас (одоо) хавьгүй илүү юм” гэж мэдэгджээ.

АНУ Украинд хүнд зэвсэглэл нийлүүлэхгүй, гэхдээ Украин бусад улсаас ийм зэвсэг авч болох юм гэж Порошенко бас мэдэгдсэн байна.

Тэр есдүгээр сарын 18-ны пүрэв гаригт АНУ-д ажлын айлчлал хийж, ерөнхийлөгч Обаматай хэлэлцээ хийж, америкийн хууль тогтоогчидтой уулзжээ.

Америкийн удирдагч Украины хямралыг дипломатын аргаар зохицуулахыг дэмжиж байгаагаа түүнд мэдэгдсэн байна. Обама Цагаан ордонд Порошенкотой уулзсаныхаа дараа хэлэхдээ, АНУ Украинд шинэ багц тусламж үзүүлнэ гэж мэдээлсэн байна. Би АНУ-ын тусламжид сэтгэл дүүрэн байна гэж Порошенко сэтгүүлчдэд хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ