Пакистаны хуучин ерөнхий сайдын нам сонгуульд ялснаа зарлав

Пакистаны ерөнхий сайд асан Наваз Шариф өчигдөр болсон Үндэсний ассамблейн сонгуульд өөрийнх нь барууны төвийн “Пакистаны лалын холбоо-Н” нам ялсан тухай зарлав гэж Франс пресс агентлаг уламжилжээ.Ялсан нөхцөлд Шариф ерөнхий сайдын суудалд гурав дахь удаагаа суух юм.Түүний талынхан Лахор хот дахь намын төв байрны дэргэд цугларан, ялалтаа тэмдэглэж эхtлсэн байна.

Үүний зэрэгцээ Шарифын гол өрсөлдөгч, Пакистанд ихэд дэлгэрсэн крикетийн тоглогч Имран Ханы “Шударга ёсны төлөө Пакистаны хөдөлгөөн” нам ялагдсанаа хүлээжээ.

Ингэхдээ албан ёсны бус урьдчилсан тооллогын дүнгээс үзвэл, нэг ч нам 172 мандатын талаас илүүг аваагүй ажээ. Шариф хамтран ажиллахыг бусад намын төлөөлөгчдөд уриалаад байна.

Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, сонгогчдын ирц 60 орчим хувь болжээ.Сонгогчдын ирц сайн байснаас болоод сонгуулийн хэсгүүдийн ажиллах хугацааг нэг цагаар сунгахад хүрсэн байна.

Сонгуулийн өдөр Пакистаны янз бүрийн нутагт алан хядах ажиллагаа болж, нийтдээ 24 хүн амь насаа алджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ