Энэ зууны эцэс гэхэд дэлхийн хүн ам 12,3 тэрбумд хүрнэ

Эрдэмтэд манай гаригийн хүн ам зүйн байдлын талаарх таамаглалыг өөрчилжээ. НҮБ болон Вашингтоны их сургуулийн мэргэжилтнүүдийн шинэ судалгаагаар, бүр 2100 он гэхэд дэлхийн хүн амын тоо 80 хувийн магадлалтайгаар 9,6-гаас 12,3 тэрбумд хүрч мэдэхээр байна гэж “Science” сэтгүүлд бичжээ.
Ингэхдээ Африкийн орнууд хүн амын өсөлтөд хамгийн их нөлөөлнө гэж хүн ам зүйчид үзэж байна. Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнуудын хүн ам энэ зууны эцэс гэхэд дөрөв дахин өсч, 4 тэрбум орчимд хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Азийн орнуудад 2050 он гэхэд 5 тэрбум хүн оршин сууна гэж эрдэмтэд үзэж байгаа ч, дараа нь эндхийн хүн амын өсөлт буурах төлөвтэй байна. Европ болон Умард Америк хүн амын өсөлтөд онцын нөлөөлөхгүй ажээ.
Үүнээс гадна, настай хүмүүстэй харьцуулахад хөдөлмөрийн насныхүмүүсийн тоо дэлхийн бүх оронд нэлээд буурах болов уу. Хүн амын өсөлт тогтворжих юмуу хүн амын тоо 9 тэрбумд дөхсөний дараа буурч эхлэнэ гэж хүн ам зүйчид түрүүнд нь таамаглаж байсан юм.
Тоо баримт: Манай эриний эхэнд Дэлхийд 300 сая хүн аж төрж, манай эриний 1 мянган жилийн сүүлч гэхэд 400 сая болжээ.
1500 онд – 500 сая,
1820 онд - 1 тэрбум,
1900 онд – 1,6 тэрбум,
1960 онд – 3 тэрбум,
1993 онд – 5,65 тэрбум байжээ.
1999 оны аравдугаар сарын 12-нд Дэлхийн хүн ам 6 тэрбумд хүрсэн байна.
2003 онд – 6,3 тэрбум,
2006 онд – 6,5 тэрбум,
2010 онд 6,8 тэрбум,
2011 оны арваннэгдүгээр сарын 1-нд – 7 тэрбум болжээ.
НҮБ-ын прогнозоор (2014 он), 2025 он гэхэд дэлхийн хүн 8,1 тэрбумд хүрэх ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ