Цагаан ордны дэвсгэрт нэвтэрсэн хүнээс хоёр сүх, 800 сум гарчээ

Есдүгээр сарын 19-нд Цагаан ордны дэвсгэрт нэвтрэх гэсэн Омар Гонзалес гэгчийн машинаас хоёр сүх, мачете хутга, 800 сум гарчээ. АНУ-ын прокурорын туслах Дэвид Муд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр ингэж мэдээлснийг телевизийн NBC News сувгаар мэдээлсэн байна.

Хориотой бүсэд зэвсэгтэй нэвтэрсэн Гонзалес “ерөнхийлөгчид аюул учруулсан” гэж Муд тэмдэглэжээ. Бүсэндээ сүх хавчуулсан 42 настай эрийг бүр наймдугаар сарын 25-нд Цагаан ордны урд талын хашааны хажуугаар явж байхад нь саатуулсан ч, тэгэхэд түүнийг баривчлаагүйг прокурорын туслах бас мэдээлсэн байна.

Цагаан ордны дэвсгэрт нэвтрэх гэсэн оролдлогод төрийн тэргүүн сэтгэл түгшиж байна гэж Барак Обамагийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест есдүгээр сарын 22-нд мэдэгдсэн юм.

Техаст оршин суудаг Омар Гонзалес есдүгээр сарын 22-нд ерөнхийлөгчийн өргөөний хашаа давж, үүдний зүлгэн дээгүүр гүйн, нууц албаны ажилтнуудад баривчлагдахаасаа өмнө байшинд ч нэвтрэн орж чаджээ. Цагаан ордноос олонх ажилтныг нүүлгэн шилжүүлж, нууц албаны захирал Жулия Пирсоны тушаалаар офицеруудыг нэмэлт эргүүлд гаргасан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ