Сирийн нутагт асар хүчтэй агаарын цохилт хийж байна

Анх Ирак Сирийн лалын улс нэртэй гарч ирээд "Лалын улс" болгон нэрээ өөрчилсөн зэвсэгт бүлэглэл Арабын ертөнцийг тэр чигээр нь бужигнуулаад амжив. Түүгээр ч зогсохгүй АНУ-ын зүгээс тэдний эсрэг хийж буй агаарын цохилтод өрнөдийн гүрнүүдийг нэгтгээд зогссонгүй Хятад, Оросыг ч тэдний эсрэг зэвсэг хөдөлгөхөд бэлэн болгожээ.

Өчигдрөөс эхлэн ерөнхийлөгч Обамагийн тушаалаар Сирийн нутаг дэвсгэрт агаарын цохилт хийж эхэлсэн. Ирак, Сирийн нутаг дэвсгэрт барагцаагаар 20-30 мянга орчим "Лалын улс"-ын дайчид тулалдаж байна гэсэн судалгаа байгаа.

Тэдний 70 хувь нь Иракийн нутагт байгаа бол Сирид 30 хувь нь ихэнхдээ өнгөлөн далдлалт бүхий нөөц баазууд бүхий байдлаар байршиж байгаа. Тиймээс Сирийн засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр ийнхүү Америк болон холбоотон орнуудын агаарын цохилт Сири лүү шилжлээ.

Одоогоор АНУ төдийгүй холбоотнуудын агаарын цохилт маш хүчтэй өрнөж байгааг ажиглагчид мэдээлсэн ба энэ нь сарын өмнөөс эхэлсэн Иракт хийж буй агаарын цохилтоос хэд дахин хүчтэй байгааг дурджээ.

Олон улсын ажиглагчдын зүгээс энэ алхам нь Сирийн ерөнхийлөгчид ихэд ашигтай явдал боллоо хэмээн дүгнэж байгаа. Учир нь Башар Ассад "Лалын улс"-ын эсрэг зогсож агаарын цохилтыг нутаг дээрээ шилжүүлснээр өрнөдийнхөнтэй таагүй харилцаагаа бага ч атугай наашлуулж байгаа юм.

Мөн Башар Ассадын энэ шийдвэрийг ОХУ-ын зүгээс дэмжсэн бөгөөд Ассад бол террористуудын эсрэг байнга тэмцэж ирсэн хүн юм тийм ч учраас ийм шийдвэр гаргасныг өрнөдийнхөн ойлгож байгаа нь сайн хэрэг хэмээн тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров өгүүлсэн.

Тэгвэл агаарын цохилтод идэвхтэй оролцож буй Францын талаас энэ үеэр нэгэн мэдэгдэл гаргаад байна. Учир нь "Лалын улс" бүлэглэлийн дараагийн буюу дөрөв дэх цаазаар аваачих иргэн нь Францын иргэн бөгөөд АНУ-тай хамтран хийж буй агаарын цохилтоо зогсоохыг Францаас шаардаад байгаа. Эс тэгвэл Марокко улсад жуулчилж яваад хулгайлагдан улмаар "Лалын улс"-ын дайчдын гарт орсон иргэнийг нь цаазлана хэмээсэн. Францын иргэн ч ерөнхийлөгч Франсуа Олландад хандан амийг нь аврах талаар бүх зүйлийг хийхийг дүрс бичлэгтээ гуйсан байгаа.

Тэгвэл Францын гадаад хэргийн яамнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд тус улсын гадаад бодлого аливаа нэгэн террорист бүлэглэлийн дарамт шахалтаас болж өөрчлөгдөхгүй хэмээн тусгагджээ. Түүнчлэн Арабын ертөнц, Ойрхи Дорнодод энэ цаг үед ажиллаж амьдарч байгаа иргэдээ онц шаардлагагүй бол нутагтаа эргэн ирэх, болгоомжтой байхыг сануулсан юм. Үүний өмнө Америкийн нэг хоёр иргэн, Их Британийн нэг иргэнийг улс нь "Лалын улс"-ын байрлалд агаарын цохилт өгч буйтай холбон цаазалсан билээ.

Бас нэгэн сүүлийн үеийн мэдээлэл цацагдаж эхэлсэн нь ОХУ-тай холбоотой. Тус улс Украинд үүсээд байгаа хямралаас шалтгаалан нутаг дэвсгэр нь Крымээр өргөжсөнтэй холбогдуулан өмнөд зүгийн цэргийн тойргоо сэлбэж нэлээдгүй цэргийн анги нэгтгэлүүдээ Крым болон Өвөр Кавказ руу татаж эхэлжээ.

Үүнийг ажиглагчдын зүгээс дан ганц Крымийн аюулгүй байдалтай бус Чечень болон "Лалын улс" бүлэглэлтэй холбон тайлбарлаж байна. Учир нь "Лалын улс"-ын зүгээс Чеченьд ариун дайн хийж Кавказын лалын шашинт улсуудыг чөлөөлөхөөр ОХУ-ын эсрэг дайрна хэмээн дүрс бичлэгээр мэдэгдсэн.

Тиймээс болзошгүй аюулаас сэрэмжилж Чеченийн исламистууд дахин босож магадгүй хэмээн болгоомжилж Оросууд цэргээ хүч нэмэгдүүлэн татаж эхэлжээ гэсэн мэдээлэл байгаа.

"Лалын улс"-ын эсрэг олон улсын тэмцэлд нэгдэхээ илэрхийлээд байгаа Хятадын зүгээс батлан хамгаалахын мэргэжилтнүүдийнхээ гаргасан судалгаанд тулгуурлан мэдээлэл хийжээ. Үүнд "Лалын улс" бүлэглэл нь ихдээ 30 мянга гаруй гишүүдтэй, тэдний 20 мянга нь идэвхтэй зэвсэг барин тулалдаж чадах учир дүрс бичлэгээр дамжуулан АНУ болон ОХУ-д лалын дайн хийнэ хэмээн заналхийлж байгаа нь сүрдүүлэг төдий л юм хэмээжээ.

"Лалын улс"-д тийм том хэмжээний дайн хийх хүчин чадал, хөрөнгө мөнгө ч байхгүй харин эдгээр бичлэгүүдэд нь ач холбогдол өгч тараах тусам тэднийг дэмжсэн жихадист үзэлтэй лалынхан эгнээнд нь нэгдсээр байгаа нь авултай юм гэж хятадын цэргийн мэргэжилтнүүд үзжээ.

Энэ нь ч нэг бодлын үнэний ортой. Учир нь "Лалын улс" бүлэглэл нь Ирак, Сири зэрэг Арабын ертөнцийн хоёр том дайны голомтоос үүсэн гарсан бөгөөд бусад Арабын улсууддаа дэмжлэг хүлээж чадахгүй байгаа юм. Жишээлбэл Саудын Араб, Арабын Эмират, Кувейт, Ливан зэрэг өндөр хөгжилтэй баян арабууд дэлхий дахины эдийн засаг санхүүгийн салбартай нягт уялдаатай тул аливаа үймээн самуунаас болгоомжилж зайлсхийж байдаг. Мөн хилийн чанадад ойролцоо гарч буй исламистуудын зэвсэгт тэмцлийг дэмждэгүй юм.

Харин ч одоогийн өнцгөөс харвал "Лалын улс"-ын эсрэг хийж буй агаарын цохилтыг дэмжиж, санхүүжүүлж байгаа нь тодорхой юм. Гэсэн хэдий ч олон жилийн турш нам жим байсан "Лалын улс" бүлэглэл идэвхжиж дэлхий нийтийн анхааралд ороод байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ