Хятадад томоохон террорист халдлага үйлдэгджээ

Есдүгээр сарын 21-нд террористууд Хятадын баруун хойд нутгийн Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Луньтай гацааны хэд хэдэн жижиг сууринд нэгэн зэрэг дэлбэлэлт үйлджээ. Синьхуа агентлагийн уламжилснаар, үүний улмаас 50 хүн амь үрэгдсэн байна.
Эндхийн эрх баригчдын мэдээлснээр, амь үрэгдэгсдийн дунд гацааны хүнсний нэг зах, хоёр цагдаагийн хэсэг болон олон нийтийн бусад хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг дэлбэлсэн 40 амиа золиослогч байгаа ажээ. Тэдний зарим нь дэлбэрэлтийн үеэр амь үрэгдэж, бусдыг цагдаа нар устгасан байна. Цагдаа нар хоёр террористыг баривчилж чаджээ.
Албан ёсны мэдээгээр, дэлбэрэлтийн улмаас нутгийн зургаан оршин суугч, цагдаагийн хоёр ажилтан, хууль сахиулах байгууллагад тусладаг энгийн хоёр хүн амь үрэгдэж, бас 54 хүн шархаджээ.
Цуврал дэлбэрэлт нь сайтар зохион байгуулсан террорын ажиллагаа байсныг цагдаагийн байгууллагын мэдэгдэлд тэмдэглэсэн ч, чухам ямар байгууллага үүнийг хариуцлагыг хүлээх ёстойг тодруулаагүй байна.
Шинжаан-Уйгарын өөртөө засах орныг Хятадаас тусгаарлахыг зорьж буй “Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн” гэдэг террорын байгууллага энэ өөртөө засах оронд ажилладаг юм. Тус байгууллагынхан Шинжаанд хэд хэдэн удаа террорын ажиллагаа үйлдэж, үүний улмаас энгийн хүмүүс болон цэргийнхэн амь үрэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ