Хуурай замын цэргийн ажиллагаа явуулах уу

"Чарли Хебдо"-гийн халдлага Ирак, Сирид хуурай замын цэрэг оруулж лалын хэт даврагсдын голомтыг самрахаас аргагүйд хүргэж байгаа тухай олон улсын эх сурвалжууд мэдээлж байна.
АНУ, Их Британи тэргүүтэй улсууд агаарын цохилтоос гадна хуурай замын цэргийн ажиллагаа явуулах тал дээр бүрэн санал нэгдээгүй ч ямартай ч энэ тал дээр ярилцаж эхэлсэн байна. Гэвч ингэлээ гээд, "Лалын улс" бүлэглэлийн цэргүүдийг байгаа газарт нь даран сөнөөлөө гээд шашин хоорондын мөргөлдөөний улмаас үүсэлтэй халдлагууд байхгүй болно гэж итгэхэд бэрх.
"Лалын улс"-ын террорист бүлэглэлийн эсрэг эвсэлд нэгдсэн улсуудын тоо нэмэгдсээр байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Британи, Дани, Бельги улсууд эвсэлд нэгдсэнээр "Лалын улс"-ын эсрэг даруй 50 гаруй орон зогслоо.
Их Британийн парламент “Лалын улс” бүлэглэлийн эсрэг олон улсын эвсэл дэх АНУ, Франц улстай нэгдэж, жихадуудын байрлалд агаараас цохилт өгөхөөр өнгөрсөн баасан гаригийн орой үнэмлэхүй олонхийн саналаар шийдвэрлэжээ. Ингэхдээ Иракт Британийн хуурай замын цэрэг илгээх тухай яриагүй байна.
“Энэ үүрэг хэдэн сар биш, хэдэн жил үргэлжилнэ. Гэвч бид үүнд бэлтгэх хэрэгтэй хэмээн би бодож байна. АНУ, Их Британи болон бусад орон хуурай замын цэрэг илгээж чадахгүй.
Иракт хуурай замын цэрэг байна. Гэхдээ энэ нь ирак, курдийн цэрэг байх бөгөөд бид тэдэнд дэмжлэг үзүүлнэ” гэж Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгджээ.
Их Британийн иргэдийн аюулгүй байдлыг хангах тухай ярьж байна, ингэхийн тулдулс орны дотоодод залуусын радикал үзэлтэй,хилийн чанадад лалынхантай тэмцэх хэрэгтэй гэж тэр хэлсэн байна.
Жихадуудын байрлалд агаараас цохилт өгөхийн төлөө 524 депутат санал өгч, 43 депутат л эсэргүүцжээ.
Үүний өмнө Бельги, Дани улс лалынхантай тэмцэх олон улсын эвсэлд нэгдсэн юм.
Ирак Сирийн нутагт дамнан тулалдаж байгаа 20-30 мянган дайчдын бүрэлдэхүүнтэй "Лалын улс" бүлэглэл сар илүү гаруй хугацаанд үргэлжилж байгаа агаарын цохилтод нэлээд тамирдаж хүчин доройтох талдаа орж байгааг Эвслийн орнуудын цохилтыг удирдах төв штабаас Пентагонд мэдээлсэн байна.
Ирак болон Сирийн засгийн газар ч нөхцөл байдал өөрөөр эргэж "Лалын улс"-д эзлэгдсэн газар нутгуудаа аажмаар чөлөөлсөөр байгааг дурдсан байна.
Ялангуяа Сирийн засгийн газарт энэ явдал нэлээд ашигтайгаар тусаж байгаа юм. Тодруулбал Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын удирдлага дор тус улс терроризмын эсрэг, лалын хэт даврагсдын эсрэг тэмцсээр ирсэн гэдгээ олон улсад харуулах нэг том боломж гарлаа хэмээн ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлсэн байгаа. Энэ нь ч үнэн юм. Өрнөдийн гүрнүүдийн Сирид хандах хандлага энэ явдлаар наашлаж байгаа. Гэхдээ Башар Ассадын засгийн газрын эсэргүүцлийг үл тоон тус улсын босогчдын талд АНУ-аас их хэмжээний эд хөрөнгийн тусламж авахаар болсон.
Иймэрхүү харилцааны хүйтрэлийг эс тооцвол Сирийн нутаг дахь "Лалын улс"-ын эсрэг агаарын цохилт маш хүчтэйгээр үргэлжилсээр байна.
Арабын өндөр хөгжилтэй баян орнууд Саудын Араб зэрэг улсын тэргүүлэл дор "Лалын улс"-ын эсрэг зогсож агаарын цохилтод дэмжлэг үзүүлж байгаа. Үүний зэрэгцээ лалынхан лалынхныхаа эсрэг өрнөдийнхөнтэй эвсэж байгааг шүүмжлэгсэд ч цөөнгүй байгаа. Египет, Иордан, Ливан, Иран зэрэг улсад шашны удирдагчид жихадын үзэл номлолын эсрэг зогсож байгаа лалын шашнитнууд бол буруу номтнуудаас ялгаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Мөн өрнөдийнхөн Ирак, Сирид агаараас цохилт өгч байгаа явдалд нэгдсээр байгаа нь орчин үеийн загалмайтны дайнаас ялгаа алга гэж үзэгсэд ч олшроод байгаа нь туйлын аюултай юм.
"Лалын улс" террорист бүлэглэлээс ч мөн бидний эсрэг загалмайтны дайн хийж байна, бидэнтэй нэгдэгтүн хэмээн мэдээллийн дайн амжилттай хийж байгаа нь аюул учруулах магадлалтай хэмээн ажиглагчид үзэж байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ