АНУ хориг арга хэмжээг цуцлахыг хүсэхгүй байгааг Лавров буруушаав

Орос улс АНУ-тай сайн харилцатай хэвээр байхын тулд бүхнийг хийж байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров баасан гаригт Нью-Йоркт хэвлэлийн хурал дээр ингэж мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ.

Орос улс Америктай хэзээ ч харилцаагаа муутгаж байгагүй. “Бид харилцах бүх сувгийг хэвээр байлгахын тулд бүхнийг хийж ирсэн, цаашид ч хийх болно. Хоёр орны харилцааны уур амьсгал ямар байхаас хичнээн олон асуудал шалтгаалж байдгийг бид ойлгож байна” гэж тэр тэмдэглэжээ.

Харин Вашингтоны засаг захиргаа харилцаа сайжируулах ямар нэг алхам хийхийг хүсэхгүй байгааг Лавров буруушаагаад, хоригийг цуцлах болзол тавьж буйг “эвгүй явдал” гэж тодорхойлсон байна. “Бид шударгаар, адил тэгш үндсэн дээр ажиллахад бэлэн байна.

Танайх тал биелүүлэх шалгуурыг зөвшин тохироё, тэгвэл бид хоригийг аажмаар зогсооно гэсэн дохиог бидэнд өгөхийг санаархаж байна. Энэ нь зохисгүй алхам. Дипломат бодлогын асуудал эрхлэдэг хүмүүс иймэрхүү санал дэвшүүлж болно гэдэгт би бүр гайхаж байна” гэж сайд хэлээд, эрх ашгийг харилцан харгалзах үндсэн дээр л яриа хэлцээ хийж болно гэж онцлон тэмдэглэжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр оросын аюул гэгчийн тухай ярьсан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн бас дахин шүүмжилсэн байна. “Тэр (Обама) Эбола вирус, оросын түрэмгийлэл, терроризмын аюулыг гол аюул хэмээн тодорхойлсон юм. Энэ жагсаалт нь өнөөгийн олон улсын хамтын нийгэмлэгт ОХУ-ыг хэрхэн үзэж байдгийг тусгаж байна хэмээн би бодохгүй байна” гэж Лавров хэлжээ.

Үүний зэрэгцээ АНУ “нийтээр сонирхож буй” асуудлаар Оростой цаашид хамтран ажиллах болно гэж Цагаан ордны төлөөлөгч Жош Эрнест мэдэгдсэн байна. Тэр “Лалын улстай” хийж буй тэмцлийг дурдаад, Орос улс террорын эсрэг тэмцэх тухай америкийн тогтоолыг батлахын төлөө НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд санал өгсөнийг дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ