Сурагчид кондукторт хөөгдсөөр байх уу

Манай улсад нийтийн тээврээр төлбөртэй, төлбөргүй, хөнгөлөлттэй зорчих иргэдийн зохицуулалт арай л буруу яваад байх шиг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд барьцах шаардлагагүй. Гэтэл оюутан залуус гэх нийгмийн хамгийн боломжит бүлэг нь хамгийн их эрх ямбыг эдлээд ч байх шиг. Арга ч үгүй биз.
Манай орны хүн амын дийлэнхийг залуучууд эзэлдэг. Тэднийг дэмжсэн, ирээдүйд нь хөрөнгө оруулсан олон шийдвэр гарсаар байгаа. Тухайлбал, оюутнууд сар бүр тэтгэлэг хүртнэ, цагийн ажлаас эхлээд бусад ажил, үйлчилгээ эрхлэх бүрэн боломжтой. Тэгэвч тэр бүхэн ходоодонд нь ороод хойгуур нь гараад л дуусдаг. Энд би бүх оюутныг гэж чихсэнгүй. Аливаад сайн муу зэрэгцдэг. Гэхдээ ихэнх нь ийм дүр зурагтай байдаг нь үнэн.
Тэгвэл бага, өсвөр насны хүүхдүүд хуулийн дагуу хөдөлмөрлөх хориотой. Хөдөлмөрийн чадвар ч байхгүй. Түүнчлэн орлогын ямар нэгэн эх үүсвэргүй атлаа нийтийн тээврээр зорчих бүрдээ 200 төгрөгийн төлбөр төлдөг. Тэд ах, эгч нараасаа илүү хариуцлага өндөртэй иргэн хүн мөнөөс мөн.
Сурагчид тойргийн сургуульдаа суралцах ёстой гэж хэлэх хүн гарах биз. Тэгвэл манайх шиг боловсролын байгууллагын гачигдалд орсон улсад бол энэ бол бэрхшээлтэй асуудал. Яаж ийж байгаад аль нэг сургуулийн бараа хараад авбал болох нь тэр шүү гэх хүн олон. Ийнхүү хол ойрыг үл тоож үр хүүхдээ боловсролтой болгох гэсэн аав, ээжүүд унааны зардалд багадаа 400 төгрөг зарлагадна. Бага ангийн хүүхдийг харгалзах хүнгүй явуулж болохгүй.
Тэгэхээр хүргэж өгөх хүн бас ирж очих хоёр талдаа 1000 төгрөг зарцуулна. Нийтийн унаагаар мэдээж чинээлэг айлын хүүхдүүд явахгүй нь лав. Жирийн нэгэн айл өрхөөс өдөрт 1400, сард амралтын өдрүүдийг хасвал 30800 төгрөгийг зөвхөн сургууль руу явах унаанд зарцуулж байна. Өдөр болгон хүүхэддээ мөнгө өгөх боломжгүй айлууд олон бий.
Мөн хүүхэд дан ганц сургуульдаа явахгүй нь тодорхой. Хүн л болсон хойно хаа ч хүрч болно. Ингээд дахиад л зардал нэмэгдэнэ гэсэн үг. Мөн өмсөж, зүүх нь хүртэл дээрээс заагдчихсан. Үнэ, ханш нь гэж тэнгэрт хадчихсан. Энэ мэтчилэн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн зардлыг тооцвол оюутнуудын дэргэд тэнгэр, газар мэт ялгаатай, зайлшгүй төлөгдөх шаардлагатай аж.
Монголын оюутнууд сард 70 мянган төгрөгийн цалинтай. Тэд төрөөс өгсөн энэ мөнгөөр үнэхээр хэрэгцээт ном, хичээлийн хэрэгслээ авч байна уу гэдэгт эргэлзэх хүн олон. Түүнчлэн хичээлийн хажуугаар ойр зуурын ажил хийж санхүүгээ дээшлүүлэх бүрэн боломжтой. Тэдний орлогыг таашгүй. Тэгсэн атлаа нийтийн тээвэрт сохор зоос ч үрэхгүй гэж байгаа.
Мөн жил бүр эмнэлгийн үзлэг оношилгоонд хүртэл үнэгүй хамрагдчихна. Ер нь тэдэнд чиглэсэн анхаарал, халамж цөөнгүй. Яг үнэндээ эрхээрээ хатсан улс бол оюутнууд гэж хэлж болно. Хамгийн гол нь энэ их хайр халамжийг хүртсэн тэд эргээд эх орон, ард түмэндээ хариу барьж чаддаг билүү. Үнэндээ ард түмнийхээ мөнгөөр туйлчихаад эцэст нь ажилгүйчүүдийн тоог нэмж суудаг нь нууц биш. Энэ талаар статистикийн олон судалгаа, баримтаас бэлхнээ харж болно.
Нээлттэй ажлын байр нь байсаар атал ажилгүйчүүдийн тоо жил ирэх тутамд нэмэгдсээр байгаа нь төрийн хишгийг үргүй зарж байгаагийн тод илрэл мөнөөс мөн юм. Харин тэдэнд өгч байгаа мөнгөнөөсөө бяцхан жаалуудад багаханыг ч гэсэн хуваарилаад өгчихвөл тэд наанадаж ганцаараа явах зовлонгүй болно. Эсвэл зүгээр л төлбөргүй зорчдог болгочихвол унаанаас хөөгдөх асуудалгүй болох боломжтой юм.
Давтан хэлэхэд, бага насны балчир үрс нийтийн тээврийн ааштай кондукторт чичлүүлэн өвлийн хүйтэнд хөөгдөж буудаг дүр зургийг бишгүй л харсан. Гэтэл элдэв янзын эхүүн үнэр ханхлуулчихаад виза гэх шидэт картаар хэрэн хэсэж явдаг залуус ч олон таарсан. Одоо өвөл эхэллээ. Хүйтэн жаварт хөөрхий үрсийг буудал сахиулан бүү зогсоогооч. Тэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ