Хонконгийн шүхэртэй хувьсгалын зургууд

Хонконгт болж буй үйл явдлыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "шүхэртэй хувьсгал" хэмээн нэрийдэж байна. Учир нь жагсагчид цагдаа нарын усаар шүрших, нулимс асгаруулагч цацах зэргийн өөдөөс шүхэр барин биеэ хамгаалж байгаа юм. Хонконгийн цагдаа нар захиргааны байшингийн өмнөх эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдыг хөөн тараахыг оролдож, ингэхдээ перецийн болон нулимс асгаруулагч хий, түүнчлэн бороохой хэрэглээд байна. Ингэснээр наад зах нь 38 хүн хэлмэгдэж хохирсоныгCNN мэдээллээ.

Хонконгийн сонгуулийн системийг ардчилсан болгохыг зорьж буй жагсагчид өнгөрсөн баасан гаригаас цуглажээ. Ройтерс агентлагийн мэдээгээр, жагсаал цуглаанд 80 мянга орчим хүн оролцож байгаа ажээ.

Хууль сахиулах байгууллагынхан эсэргүүцлийн арга хэмжээг дарж чадахгүй байгаа бөгөөд жагсагчид, цагдаа нарын хооронд байнга мөргөлдөөн болж байна. Ням гаригт нөхцөл байдал “хяналтаас гарсныг” эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагчид хүлээн зөвшөөрөөд, талбайгаас гарч явахыг идэвхитнүүдэд уриалжээ. Юу гэвэл цагдаа нар резинэн сумаар буудан, цуглааныг тараахаар оролдоно хэмээнболгоомжилж байна.

Эсэргүүцлийн арга хэмжээ эхлэснээс хойш 16-гаас 58 хүртэл насны нийтдээ 78 хүнийг баривчилжээ. Хэд хичнээн хүн хохирч хэлмэгдсэнийг мэдээлэхгүй байна.

Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид орон нутгийн эрх баригчдыг бие даан сонгох эрхээ хамгаалж байгаа юм. Бээжингийн эрх баригчид 2017 онд Хонконгд ийм эрх олгохоор амласан ч, бүх нэр дэвшигчийг БНХАУ батлах болзол дэвшүүлжээ. Гэтэл Хонконгд энэ болзлыг зөвшөөрөхгүй байна.

Их Британийн колони байсан Хонконг 1997 оноос Хятадын нэг хэсэг болсон юм. Хонконг өргөн автономит эрхтэй, өөрийн валюттай. Гэвч эндхийн оршин суугчдын үзэж байгаагаар, засаг захиргааны энэ тусгай районы дотоод бодлогод Бээжингийн удирдлагын зүгээс үзүүлж буй нөлөө байнга ихсэж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ