Монголчуудын дунд хэлээ хэмлэх өвчин дэгджээ

Форрест Гампын этгээд үг хэллэгтэй нэгэн нийтлэлийг би нэлээд хэдэн жилийн өмнө уншиж байсан юм. Яг л хэллэгээрээ, огт дүрэмдэлгүй ярьж байгаа юм шиг бичсэн түүний захидал нэлээд олон хүний гайхашралыг төрүүлсэн нь лав.
Тэгвэл энэ эмгэнэлтэй гэмээр этгээд бичлэгийн төрөл манай хэл соёлыг минь үгүйрүүлж дуусгах дээрээ тулчихлаа. Мэдээллийн эрин гээд л бид үүлэн дундуур хөвж яваад гэнэт хүний нутагт газардах вий дээ. Монголын хүүхдүүд бага балчраасаа компьютер, техник, технологиос хараат болж байгаа нь нэг талаараа хөгжилд хөл нийлүүлэн алхаж байгаа мэт боловч нөгөө талаас нь харвал харилцааны соёл, нандин уламжлалаа цаг хором бүр замхран холдсоор байна.
Сүүлийн хэдэн жил хэрэглээнд эрчимтэй нэвтэрч байгаа чаат, нүүрном /facebook/, мессежээр харилцах болсон монголчууд үндэсний хэл бичгээсээ аажмаар ангижирч байгаад хүн бүр өөрсдөө ухамсарлах шаардлага тулгараад байна.
Цахим хэлбэрийн богино, түг таг гэсэн харилцааг хүмүүс илүүд үзэх болсон. Тэр ч бүү хэл, олон үсэгтэй урт үгийг 2, 3-хан үсгээр товчилдог залхуучуудын моод дэлгэрээд байгаа. Жишээ нь “сн у /сайн уу/, өчдөр хана бсн /өчигдөр хаана байсан/” гэх мэт. Цаашлаад зөв үгийг буруу ойлгож, ямар ч ноцтой хэрэг үүсч болохыг үгүйсгэх аргагүй. Ялангуяа иймэрхүү бичлэгийг бизнесийн харилцаанд хэрэглэх нь бүр ч дэмий.
Энэ мэтээр харьцсаар байгаад өнөө монгол хэлний хэл бичгийн дүрэм мартагдаж, одоо манайд зөв бичдэг хүн бараг үлдэхээ байлаа. Үүнийг бид энд тэндхийн зарлал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гудамжны сурталчилгааны самбар гээд хаанаас ч бэлхнээ харж болно.
Сүүлдээ бид өөрсдөө иймэрхүү алдаагаа нуухын тулд үсэг хасъя, дүрмээ сольё гэж үе үехэн дуугарч сууна. “Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар тоглоно, үйл нь ирсэн хүн үсгийн дүрмээр оролдоно” гэсэн хэл шинжээчдээс гарсан сайхан үг байдаг юм билээ.
Элдэв янзаар солино, хасна гэж суухын оронд эх бичгээрээ зөв бичиж төлөвшүүлэх арга саамыг олсон нь илүү үр дүнтэй хэрэг болох буй за. Хамгийн хялбар арга бол уран зохиолын хичээлд дахин цаг гаргаж боловсролын системдээ эргүүлэн оруулж ир.
Зөв бичгийн олон мундаг толь бичиг, ном хэвлэлүүд бий. Тэдгээрийг хэвлэлтэд оруулж бүх хүүхдийг ханга. Гудамжны самбар, сурталчилгааны байгууллагад энэ төрлийн хатуу цензур тогтоох гээд хялбар олон арга байгаа санагдах юм. Эс бөгөөс бид хэдэн тийшээ тарж бутраад, хэл усаа сэглэсээр хэн ч биш хүмүүс болох вий дээ.
Дэлхийн хамгийн хэцүү хэлэнд тооцогддог монгол хэлээрээ бид бахархахгүй бол өөр хэн бахархах вэ. Жорж Р.Мартины “Хэлэхэд гунигтай боловч тэмцэхэд үнэ цэнэтэй юмс гэж бий” гэсэн үг бий шүү.
Я.Хулан






СЭТГЭГДЭЛ БИЧИХ