Нарны гэрэл даралт бууруулахад тустайг баталжээ

Хэт ягаан туяа цусны даралтыг бууруулахад тус дэм болдог гэж Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд үзэж байна. Нарны гэрэл нь судсыг тэлж, даралт бууруулах боломж олгодог азотын эсэл цусанд орох үйлдлийг идэвхижүүлдгийг харуулсан судалгааны дүнд тэд ийм дүгнэлт хийжээ.

Судалгаанд сайн дурын 24 хүн оролцсон байна. Наранд шардаг тусгай газарт 20 минут биеэ шарахыг тэдэнд санал болгожээ. Эрдэмтэд туршилтын үр дүнд дүн шинжилгээ хийснээр, оролцсон бүх хүний даралт буурч, ингэхдээ энэ үр нөлөө туршилт дууссанаас хойш нэг цагийн турш хэвээр байсныг илрүүлжээ.

Гарсан үр дүнг урьдчилсан шинжтэй хэмээн үзэх хэрэгтэйг судлаачид тэмдэглэж байна. Бүр ойрын үед эрдэмтэд арьсны хорт хавдартай болох болон зүрх-судасны элдэв өвчлөлийн эрсдэл буурах магадлалд харьцуулсан дүн шинжилгээ хийх бодолтой байгаа ажээ. Харин одоогоор арьсны хорт хавдартай болж магадгүй эрсдэлээс зайлсхийхийн тулд наранд хэт удаан шарахаас түдгэлзэхийг эмч нар зөвлөж байна.

Наранд өдөр бүр 20 минут шарах нь хангалттай байх болно гэж тэд үзэж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ