Ерөнхийлөгчийн охиныг авлигын хэргээр шалгаж эхэлжээ

Узбекстаны Ерөнхийлөгч Ислам Каримовын том охин Гульнара Каримоваг гэрийн хорионд оруулж, авлига болон бусад гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар тус улсын прокурорууд мэдээлжээ.
Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүний байр сууриа поп од, загвар зохион бүтээгч, түүнчлэн хэд хэдэн буяны сангийн тэргүүн болоход ашиглаж чадсан Гульнара Каримоваг эцгийнх нь залгамжлагчаар нэрлэж байсан удаатай.
Ганц түүгээр ч тогтохгүй бусад хүмүүс ч эрүүгийн гэмт хэрэгт татагдаад байгаа талаар мэдээлээд байгаа юм. Өнгөрөгч долдугаар сард Каримовагийн хэдэн арван хамсаатныг цэргийн шүүхээр оруулж тус бүрт нь олон жилийн хорих ял оноосон байна. Тэдний дотор Каримоватай үерхэж байсан Рустам Мадумаров ч багтжээ.
Тэдэнд төрийн өмчийн үнийг зохиомлоор бууруулж шамшигдуулсан, тонон дээрэмдсэн, түүнчлэн санхүүгийн болон эдийн засгийн луйвар хийж Узбекстан улсын эдийн засагт ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцон ял тулгаж байгаа гэнэ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ