Цагаан ордны нууц албаны дуулиан

Цагаан ордны төдийгүй Ерөнхийлөгчийн хамгаалалтыг хариуцдаг Нууц албаны удаа дараагийн бүтэлгүйтлээс болж тус улсад томоохон шуугиан дэгдсэнийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Энэ асуудлаар конгрессын гишүүд хатуу шүүмжлэл хэлж Ерөнхийлөгчөө ч олигтой хамгаалж чадахгүй байж дэлхий нийтийн олон асуудалтай хутгалдаж байна хэмээсэн юм.
Ерөнхийлөгч Обама ч өөрөө энэ асуудалд ихээхэн бухимдаж, нууц алба болон хамгаалалтын албаныхаа дарга нарыг хуйгаар нь ажлаас нь халжээ.
Үнэндээ олон мянган террористуудын хүсэж явдаг Америкийн ерөнхийлөгчийн амь нас ямар ч хамгаалалтгүй болсон нь хачирхалтай хэмээн хэвлэлүүд шуугиж байна.
Мөн үүнтэй холбогдуулан АНУ-ын нууц албаны тэргүүн Жулия Пирсон лхагва гаригт огцров гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн хэрэг явдалтай холбогдуулан тэр ийнхүү огцрохоор шийдвэрлэсэн байна.
Хуучин нууц албаны АНУ-ын ерөнхийлөгчийн хамгаалалтын хэлтсийг тэргүүлж байгаад, 2011 онд чөлөөнд гарсан Жозеф Клэнсийг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Цагаан ордны төлөөлөгч Жош Эрнестийн хэлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өөрийнх нь хамгаалалтад “шинэ удирдлага шаардлагатай болж байна” гэж үзжээ.
Хэрэг явдал ерөнхийлөгч Обаматай хамт цахилгаан шатанд суусан хүмүүсийн дунд тусгай албаны биш хэрнээ эмнэлгийн хамгаалалтын албанд ажилладаг буутай хүн байснаас болжээ. Үүнээс болж ерөнхийлөгч асар их бухимдсан байна.
Энэ ч төдийгүй нууц албаны ажилтнуудын анхаарал болгоомжгүйтэй холбоотой хэд хэдэн хэрэг явдал есдүгээр сарын сүүлийн хагаст болсон билээ. Есдүгээр сарын 20-нд 42 настай Омар Гонзалес Цагаан ордонд нэвтэрсэн юм.
Иракийн дайнд оролцож явсан тэр этгээд хутга халааслан Цагаан ордны хашааг даван орж бүр ордон дотор нэвтэрсэн хойноо л баригдаж шуугиан дэгдээсэн юм. Энэ хэрэг явдлын дараа Нууц алба Цагаан ордны дэвсгэр газарт харуулын тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг чангатгасан тухай мэдэгдсэн байна.
Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгчийн өргөөний хашааг хоёр удаа давахыг оролдсон Нью-Йорк хотын нэгэн оршин суугчийг Нууц албаны ажилтнууд есдүгээр сарын 21-нд саатуулжээ.
Аравдугаар сарын 01-нд Обама өмнө нь гэмт хэрэгт гурван удаа шийтгүүлж байсан зэвсэглэсэн хамгаалагчийн хамт нэг цахилгаан шатанд таарсан байна. Цагаан ордны тэргүүн Атланта хот дахь өвчлөлд хяналт тавьж, сэргийлэх төвд зочилсон ажээ. Тэр хамгаалагч тус төвд ажилладаг байсан байна. Энэ хэрэг явдлын дараа түүнийг ажлаас нь халсан байна.
Барак Обама 2013 оны гуравдугаар сард Жулия Пирсоныг АНУ-ын Нууц албаны удирдагчаар томилсон юм. Үүнээс өмнө нь тэр Нууц албанд штабын даргааар ажиллаж байжээ. Пирсон энэ албан тушаалд томилодогсон түүхэн дэх анхны эмэгтэй болсон юм.
АНУ-ын Нууц алба нь ерөнхийлөгч, түүний гэр бүлийнхэн, америкийн төрийн тэргүүн байсан хүмүүсийг хамгаалж, түүнчлэн америкийн валют, улсын облигацийг хуурамчаар үйлдэхтэй тэмцдэг юм. 2003 он хүртэл тус алба сангийн яамны салбар байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ