“Лалын улс” бүлэглэлийнхний бузар явдлын талаар олзонд байсан эмэгтэй ярьжээ

“Лалын улс” бүлэглэлийн террористуудад олздогдсон иракийн эмэгтэйчүүдийн нэг тэдний тухай ярьсныг Euronews сайтад дурджээ.

19 настай Амша бүсгүйн хэлснээр, нөхөр, бяцхан хүүгийнхээ хамт түүний амьдарч байсан голдуу язид ястан хүн ам оршин суудаг тосгонд наймдугаар сарын 3-нд жихадууд дайран орж ирсэн байна. Иракийн баруун хойд нутгийн энэ тосгоны бүх эрчүүдийн адил түүний нөхрийг алж, харин бүсгүй тосгоны бусад хүмүүсийн хамт олзлогджээ.

“Террористууд язид-эмэгтэйчүүдийг 10-12 ам.доллараар худалдаж байсан. Нэг эмэгтэй 10 эрийн дунд очдог байлаа. Ийм явдлыг хэн зөвтгөх билээ? Эмэгтэй хүнийг хүчирхийлэх нь шившигт явдал. Нэг эмэгтэйг 10 эр эдлэж байдгийг юу гэж нэрлэх вэ? Тэд бол хүн биш, араатан.

Тэднээс болоод би одоо болтол айдас хүйдэстэй сууж байна” гэж Амша ярьсан байна. Түүнийг Мосул хотод авчирч, харин тэндээс тэр зугадаж амжжээ.

“Жихадистууд байнга нэгжлэх хийж, хэрвээ гар утас олдвол, хүмүүсийг газар дээр нь буудан алдаг. Тэд миний эгчийн утсыг олсон байх, тэгээд тэр сураггүйгээр 10 гаруй хонож байна” гэж бүсгүй дурдсан байна.

Олзлогдсон олон эмэгтэй толгойнхоо ороолтоор гогцоо гарган хоолойгоо боож, амиа хорлож байсныг Euronews сайт уламжилжээ.

НҮБ-ын илтгэлд дурдсанаар, наймдугаар сарын сүүлч гэхэд террористууд 2,5 мянган эмэгтэй, хүүхдийг олзолсон байна. Лалын шашинд орохоос татгалзсан хүмүүсийг Мосул хот болон Сирийн Ракке хотын боолын зах руу явуулдаг ажээ.

Язид ястнуудын эртний шашин нь тэднийг хавчин хяхах шалтгаан болсон. Язид нар голдуу Иракт, түүнчлэн Армен, Сири, Гүрж, Турк болон Европын зарим оронд аж төрдөг курдийн угсаатны шашны бүлэг юм. Одоо Ойрхи Дорнодын байдал дахин хурцадсан нь шашны энэ цөөнхийг радикал үзэлтнүүд дахин хавчин хяхахад хүргэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ