Ёс суртахуунлаг хүмүүс л зөв хууль гаргадаг №11

СЭЗДС-ийн багш, доктор (Ph.D), профессор, нийтлэлч Б.Оюунчимэг

Хүний ёс суртахууны төлөвшлийн түвшинг хэсэг бусаг үйлдлээр нь биш, өдөр тутмын байнгын үйл ажиллагаагаар нь үнэлнэ.

Хүмүүсийн зайлшгүй дагаж мөрдөх, баримтлахад чухам таарч тохирсон зохистой хэм хэмжээ болох ёс суртахуун өнөөгийн монголчууд бидэнд тун ч их дутагдаж байна.

Зан суртахууны ёс журам, хэм хэмжээг даган мөрддөг нийгэм бидэнд хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байгаа нь улам бүр тод харагдах боллоо. Хөгжил дэвшлийн дээд зорилго нь болох хүний хөгжил, хүний хөгжлийн хамгийн гол үзүүлэлт болох иргэдийн зан суртахууны төлөвшил, ёс суртахууны боловсролын чиглэлээр дорвитой ажил хийх хэрэгтэй.

Ёс суртахуун нь “хүмүүс хоорондын харилцаа, хандлагыг зохицуулагч тогтсонёс,дүрэм журам”, “бодгаль чухам ямар хүн байгаагийн хэмжүүр, хүн чанарын шалгуур”, “хүн төрөлхтний соёл иргэншлийн суурь үндэс”, “хүн ёсоор амьдрахад бодитойгоор, зайлшгүй шаардагдах зүйл” юм.

Ёс суртахуун нь нийгмийн харилцааг зохицуулдаг төдийгүй нийгмийн хөгжлийг бүхэлд нь тодорхойлдог. Иймээс нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны бүхий л хүрээнд ёс суртахууны шаардлага тавигддаг.

Ёс суртахуун нийгмийн бүхий л харилцаанд илэрч байдаг. Ёс суртахуун нь улс төрийн харилцаанд хүмүүнлэг ба хүмүүнлэг бус, эдийн засгийн харилцаанд шударга башударга бус, оюун санааны харилцаанд үнэнч ба үнэнч бус чанараар илэрч, тодорхой үнэлэмжийг бий болгож байдаг.

Ёс суртахуун нь хүний бүх талын хөгжил дэвшлийн үлэмж чухал тал. Хүмүүстэй зүй зохистой харилцах, биеэ зөв авч явах, зан байдлаа удирдан зохицуулахын тулд ёс суртахууны хэм хэмжээг эзэмшиж, сахин мөрдөхөөс аргагүй. Хүн хөгжиж дэвшихэд ёс суртахууны ухамсар нэн чухал үүрэгтэй.

Ёс суртахуун хүмүүсийн харилцааг хянан зохицуулдаг төдий зүйл төдийгүй, нийгмийн хөгжлийн чухал хэрэгсэл тул ёс суртахуун үгүй болбол хүний нийгэм оршин тогтнож чадахгүйд хүрнэ.

Зах зээлийн нийгэмд ашгийн төлөө байх ёстой, нэгэнт л ашгийн төлөө явах юм бол ёс суртахууны талаар ярих ч хэрэггүй гэсэн ойлголт хүмүүст байдаг. Ашиг, ёс суртахуун хоёр мөн чанарын хувьд байнгын зөрчилтэй, эвлэршгүй зүйлс гэж үзэх хүмүүс ч бий. Ийм үзэл санаа буруу болохыг сүүлийн үед явуулсан судалгааны үр дүн харуулж, шударга үнэнчээр бизнес эрхлэж ашиг орлого олохыг ёс суртахуунлаг байх, зан чанарын хувьд зөв төлөвших явдалтай шүтэлцүүлж болохыг нотлоод байгаа.

Луйвар хийх, худал хуурмаг мэдээлэл тараах, эрх мэдэл, албан тушаалаа хувийн эрх ашгийн төлөө хортойгоор ашиглах, авилга авах, шударга бус арга замаар ашиг орлого олоход чиглэсэн үйл ажиллагаа явуулж ёс суртахууныг гажуудуулах нь манайд элбэг. Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ ёс бусаар өндөр өртөгтэй болгох, чанаргүй, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн нийлүүлж хэрэглэгчдийг залилж мэхлэх, байгаль орчныг бохирдуулах, сүйтгэх зэрэг нь ёс суртахууны гажуудлын жишээ юм.

Шинэ техник, технологи хүчтэй нэвтэрч, компьютерийн сүлжээнд баригдаж, ерөнхийдөө материаллаг техникийн хүлээсэнд орж, аливаа байгууллагын ажилтнуудын дотоод үүрэг, сэтгэлийн оролцоо буурч, байгууллага, хамт олондоо үнэнч байх, сэтгэлээ зориулах нь багасажбайна. Үүнийг болиулах, ажил олгогчид болон ажилтнуудын хооронд харилцан итгэлцэл бий болгохын тулд ёс суртахууны хэм хэмжээг дагаж мөрдөх, сахиж биелүүлэх шаардлагатай байна. Тэрхүү харилцан итгэлцлийг ёс суртахуунлаг байж гэмээж нь бий болгоно.

Нийгмийн ашиг сонирхлыг хувийнхаас дээгүүр тавьдаг хүнийг ёс суртахуунлаг хүн гэнэ. Нийгэм гэдгийг хуучин монголоор “нийхэм” гэж бичдэг. “Ний” нь олуулаа, нийтээрээ, “хэм” нь хамтран амьдрахад баримтлах хэм хэмжээ гэсэн утгыг илэрхийлдэг. Олны эрх ашгийг өөрийнхөөс илүүд үздэг болж байж л хүн ёс суртахуунлаг болно.

Үргэлжлэл бий...

СЭЗДС-ийн багш, доктор (Ph.D), профессор, нийтлэлч Б.Оюунчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ