Оросууд олноор хордож амиа алдаж эхэлжээ

Сүүлийн хагас сард Оросын 700 гаруй иргэн татдаг “спайс”-ын хамгийн аюултай төрөлд хордож, тэднээс 25 хүн нас бараад байна гэж Оросын мансууруулах бодист хяналт тавих албаны тэргүүн Виктор Иванов өчигдөр мэдэгджээ.

Түүний хэлснээс үзвэл, татдаг хольцонд олсоороо хордох тохиолдлыг хэд хэдэн бүс нутгийн эмнэлгийн байгууллага есдүгээр сарын 19-нөөс бүртгэж эхэлжээ. Хохирогчдын дунд насанд хүрсэн хүмүүс болон өсвөр насныхны аль аль нь байна.

“Одоогийн байдлаар хордсон 700 гаруй баримт бүртгэгдэж, хорь гаруй хүн нас бараад байна” гэж тэрээр улсын думийн мансуурлын эсрэг тэмцэх асуудал эрхэлсэн хорооны хуралдаан дээр хэлжээ.

Хамгийн их хохирсон нутаг нь Ханты-Мансийн автономит тойрог, Ижил мөрний хавийн хоёр бүс нутаг болох Киров муж, БН Башкир Улс болсон байна.

Хориглогдсон бодисуудын жагсаалтад одоогоор ороогүй нэг л төрлийн мансууруулах бодисонд ийнхүү олноороо хордож байгаа ба яаралтай бүрэн хориглох хуулийн төсөл нэгэнт боловсруулж эхлээд байна.

“Спайс”-ыг татсанаар илрэх нөлөө нь сэтгэцийн ноцтой өвчнүүдийн шинж тэмдэгтэй адилхан байгааг наркологийн эмч нар дурдаж байна. Эдгээр хольцны найрлагыг шинжлэлгүйгээр зарчмын хувьд хориглох хэрэгтэй, учир нь үйлдвэрлэгчид найрлагыг нь байнга өөрчилж байдаг юм гэж тэд үзэж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ