Хэнэггүй, зөрүүд зангаараа гайхуулсан улс

Өргөн уудам нутгаараа гайхагддаг улсын маань нийслэл Улаанбаатар харин ч эсрэгээрээ. Хотын гудамжаар шахалдсан, шавааралдсан бөөгнөрсөн дүр зураг. Автомашины болон явган хүний замууд нь нэг алхмын зайтай байх нь элбэг ба зарим газарт явган хүний зам ч үгүй. Чи юу, биюу гэсэн машин, зорчигч хоёр нэг алхмын цаанаас бие бие рүүгээ дайрна.

Тансаг машин,өөрийн соёл, ухамсраараа гайхуулсан жолооч нар хотоор нэг. Манайд олон зам тавигдаад, сайхан болж байна л даа. Гэхдээ л уралдах хэмжээнд биш шүү дээ жолооч нар аа. Манай нийслэлд машины тань хурд, хүчийг шалгах хэмжээний зам хараахан тавигдаагүй байгааг санах хэрэгтэй. Зарим жолооч нар хөгжмийнхөө дууг тултал нь чангалаад, хаазаа хүчтэйхэн гишгээд л хотын төвөөр давхилдана. Нэгэндээ гайхуулах гэсэн биш харин ч хоорондоо “үнсэлцээд” нам зогчихно. Бөөн дуут дохио, түгжрэл үүсгээд “Замын голоор алхалсан цагдаа ахаа сайн байна уу” болно шүү дээ.

За тэгээд гайхуулах юм мундах биш дээ. Зөвхөн Монголд гэлтгүй дэлхий нийтээрээ ухаалаг утас хэрэглэж, тэр нь амьдралынх нь салшгүй нэг хэсэг болчихсон. Аливаа хэрэглээ хязгаартай нь дээр гэдгийг л манайхан мэдэхгүй байх шиг. Утас гэдэг харилцаа холбооны хамгийн чухал хэрэглээ мөн гэдэгт маргахын аргагүй. Гэхдээ жолооны ард явахдаа хүртэл сэлфи хийж, утсаар ярих нь хамгийн их эрсдэлтэй, анхаарал сарниулсан үйлдэл учраас нэгхэн хором сэлфидэх хооронд нэг машин тантай золгож мэднэ. Дахиад л бөөн сигнал, түгжрэл болгож Замын голоор алхалсан цагдаа ах мэндэлнэ. Эгнээ шахаж орж ирэх, буруу байрлах, урд нь машин түгжирчихээд байхад зогсоо зайгүй дуут дохиог хангинуулах тийм соёлоороо гайхуулсан жолооч нар манайд нэлээд бий. Зарим нь өдөржин хотын их түгжрэл дунд явсаар их ядарсандаа ч юм уу, уйдсандаа ч юм уу явган зорчигчийг зүгээр өнгөрүүлэхгүй. Шүгэлдэнэ, цочооно, орилно, хашгирна, за эцэст нь “гайхамшигт” дохиогоо хангинуулна. Энэ үед л охид өөрсдийн сайхныг мэдрэх шиг болдог биз. За ёстой мэдэрцэн замаараа алхаж явтал нэг л эвгүй чимээ... Харвал өнөөх мундаг жолооч ах нус, шүлсээ нийгээд л хэнэг ч үгүй өнгөрөөд явна даа.

Хэнэггүй, зөрүүд зангаараа гайхуулсан улс

Зөвхөн жолооч нар л соёлоо гайхуулаад байгаа зүйл биш юм. Манай явган зорчигчид бас их “гайхмаар” улс. Явган хүний гарцан дээр улаан гэрэл асаж байхад хэнэг ч үгүй урдуур нь дайруулах шахам зүтгэнэ. Угтаа бол хэдхэн секунд хүлээх л хэрэгтэй юм шүү дээ. Ажиглаад байхад залуучууд гэхээсээ ахмад настай хүмүүс нь улаан гэрлээр зам гарах юм. Уг нь тэд бидэндээ үлгэрлэх хүмүүс байлтай. Гарцтай газарт иймэрхүү асуудалтай байхад, гарцгүй бол хэлэх юм биш. Хэцүү дээ.

Улаанбаатарт ер нь бүтээн байгуулалт хэрэгтэй юм болов уу даа гэж бодмоор. Явган зорчигчиддоо зориулж хэдэн сараар нь зам хаагаад гүүрэн гарц хийгээд л байна. Тэр нь сүүлийн үед хүмүүсийн дунд элбэг тохиолдоод байгаа таргалалттай тэмцэх бас нэг давхар санааг агуулсан юм шиг. Хөдөлгөөн дутагдалтай хүмүүст бол шатаар дээш, доош алхахнь эрүүл мэндэд тустай, сайн дасгал болж өгнө.Харин манайхан их зөрүүд улс. Амь насыг нь аймар жолооч нараас хамгаалаад юм хийгээд байхад л эрсдэл үүрч машины урдуур гүйсээр л байх юм. Хотын энэ соёлыг яалтай билээ.

За тэр жолооч, зорчигч ч яахав. Н.Энхбаяр иргэншлээ солиулчихсан юм байх даа.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ