Эбола өвчин тусаад эдгэрсэн эрчүүдэд бэлгэвч хэрэглэхийг зөвлөжээ

Эбола вирусийн өвчин тусаад, эдгэрсэн эрчүүд эдгэрснээсээ хойш бас нэлээд хугацааны туршид вирус тээгч байж болох ажээ.

Ройтерс агентлаг эрдэмтдийн дүгнэлтэд үндэслэсэн ДЭМБ-ын мэдэгдлийг иш татахдаа, вирус 70-90 өдрийн туршид өвчилсөн эрчүүдийн эр бэлгийн эсэнд идэвхтэй хэвээр байдагт хамаг аюул оршиж байгаа юм гэж уламжилжээ.

Хяналтын 42 өдрийн хугацаа дууссаны дараа өвчлөлийн шинэ тохиолдол илрээгүй учир, энэ долоо хоногийн сүүлчээр ДЭМБ Нигери, Сенегал улсыг Эбола өвчингүй болсныг зарлана хэмээн найдаж байна.

“Энэ хугацааны туршид хамгаалалтгүй секс хийхгүй байхын тулд бэлгэвч хэрэглэхийг өвчин тусаад эдгэрсэн хүмүүст зөвлөх ёстой нь мэдээж” гэж Лондоны эрүүл ахуйн сургуулийн профессор, 1976 онд Эбола вирусийг анх нээсэн микробиологийн эрдэмтэн Питер Пиот Женевт болсон хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.

Эбола вирус нь цус, шүлс зэрэг хүний биеийн шингэнээр дамжин халдварладаг байна. Үүнээс гадна, ДЭМБ-ын тэмдэглэснээр, вирус хөхний сүү, шээс, түүнчлэн эр бэлгийн эснээс илэрсэн ажээ. Гэхдээ хөлснөөс бүтэн вирус илрээгүй байна.

Вирус 2014 оны хоёрдугаар сард Гвиней улсад бүртгэгдэж, дараа нь хөрш Сьерра-Леоне, Либери, Нигери улсад тарсан юм. Наймдугаар сарын эцсээр БН Ардчилсан Конго Улс, Сенегалд илэрчээ.

Өвчилсөн тохиолдлууд АНУ-д бас бүртгэгдсэн юм. Хамгийн сүүлд нийтлэгдсэн ДЭМБ-ын мэдээгээр, Эбола вирусийн өвчнөөр 3439 хүн нас барж, 7492 хүн халдвар авчээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ