“Севол” хөлөг онгоцны ахмад И Жун-сук : Би хэзээ ч хүнийг алах санаатай зүйл хийгээгүй

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо “Севол” хөлөг осолдон, живж 304 зорчигч амь насаа алдсан. Тэгвэл энэ онгоцны ахмад И Жун-сук нарт холбогдох шүүх хурал өнөөдөр эхэлжээ. Ослын үед аврах ажиллагааны зааварчилгааг буруу өгсөн, хөлгөө түрүүлж орхисон гэх шалтгаанаар ахмад И Жун-сук болон багийн өөр гурван гишүүнийг хүн амины хэрэгт буруутгаж байгаа юм.
Шүүх хурлын үеэр 68 настай ахмад И Жун-сук “Би ноцтой гэмт хэрэг үйлдсэн. Намайг өршөөгөөрэй. Өмгөөлөгч бас бурхан надад хичнээн их тусалсан ч шоронгоос зугтаж чадахгүй гэдгээ ойлгож байна. Гэхдээ би миний хүүхдүүд, ач, зээ нарыг маань алуурчны гэрийнхэн гэж дуудахыг тэвчиж чадахгүй. Би хэзээ ч хүнийг алах санаатай зүйл хийгээгүй” гэж мэдэгджээ. Мөн хөлөг онгоцноос амьд гарсан багийн 11 гишүүнийг ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан хэрэгт буруутгажээ. “Севол” хөлөгтэй холбогдох хэрэгтнүүдийн шүүх хурал ирэх арваннэгдүгээр сард эцэслэн шийдвэрлэгдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ