Террористын эцэг хүүгийнхээ үгийг олонд зарлаж Оросыг заналхийлэв

Оросын ерөнхийлөгч Владимир Путин “Лалын улс” бүлэглэлийн зүгээс учирч буй аюулыг Туркийн удирдагч Режеп Тайип Эрдогантай утсаар хэлэлцжээ. Кремлийн хэвлэлийн албанаас бямба гаригт ингэж мэдээлсэн байна.

Хоёр орны удирдагч оны сүүлчээр Туркт хийхээр төлөвлөсөн Дээд түвшингийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаанд бэлтгэх тухай бас яриад, худалдаа-эдийн засгийн харилцаа, тухайлбал хөдөө аж ахуй, шилдэг технологийг хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.

”Аль Каида” байгууллагатай холбоо сүлбээтэй террористуудын “Лалын улс” бүлэглэл зургадугаар сарын эхээр Сири, Иракийн нутгийн нэлээд хэсгийг эзлэн авсан юм. Лалынхны эсрэг олон улсын эвслийг тэргүүлж байгаа АНУ наймдугаар сарын 8-нд Ирак дахь хэт даврагч үзэлтнүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Есдүгээр сарын 23-нд АНУ Сирид автомашины цуваа, бэлтгэл сургуулилтын хуаран, түүнчлэн террористуудын нефть нэрдэг заводуудад агаараас цохилт өгч эхэлжээ. “Лалын улс” бүлэглэлийн хээрийн цэргийн захирагч Омар аль-Шашани гэдгээрээ илүү зард гарсан Тархан Батирашвили Орост халдахаар сүрдүүлсэн байна.

Түүний эцгийн хэлснийг иш татан Bloomerg агентлаг ингэж мэдээлжээ. Хүү саяхан над руу утасдаж, “Битгий санаа зов, би удахгүй хариад, энэ оросуудад үзүүлээд өгнө” хэмээн хэлсэн гэж эцэг Батирашвили сэтгүлчдэд ярьсан байна.

Аль-Шашани олон мянган лалынхны хамт ирж, “Оросоос өшөөгөө авахаар” амлажээ. ”Лалын улсын” хүчин Иракийн армид хэдийнэ цохилт өгсөн, дараагийнх нь Орос улс болно гэж тэр мэдэгдсэн байна.

Түрүүнд нь “Лалын улсын” дайчид интернэтэд дүрс бичлэг тавьж, Оросын эсрэг дайн дэгдээхээр сүрдүүлсэн юм. Лалынхны нэг нь Чечень, Кавказыг “чөлөөлж”, тэнд “лалын халифат” байгуулах бодолтой байгаагаа мэдэгджээ.

Хэрвээ террористууд Оросын нутагт халдвал, тэднийг устгана гэж хариуд нь Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров амласан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ