Нийтийн дууны цунами

Бидний цөөхөн монголчууд дэлхийн соёл, урлаг хэмээх хязгааргүй их далайн хаахна яваа бол гэж бодож үзлээ. Яагаад манайхаас бусад ихэнх улс орны боловсролын системд сонгодог урлагийн хичээлийн хөтөлбөр тусгагдсан байдгийг эргэцүүлэв.
Бид аливаа юманд туйлширдаг маш том дутагдалтай ард түмэн. Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг бид нийтийн дууны давалгаанд цохиулснаас толгой эргэв бололтой. Гэхдээ огт сонсох ёсгүй гэсэн утгаар үүнийг хэлсэнгүй. Ердөө л чанаргүй уран бүтээлүүд хэт олноороо төрж байгаад эмзэглэж байгаа минь энэ. Үнэхээр сайн дууг чадвартай, сайхан дуулсан нь цөөнгүй байгаа хэдий ч ямар ч шалгуургүй манай урлагийн ертөнцөд хэн дуртай, ахиу бэлтэй нь сэлгүүцээд байхыг харж хүлцэхгүй нь.
Энэ бол бидний боловсролтой холбоотой. Гадаадынхан шиг багаасаа л урлаг гэдгийг ялгаж салгаад мэдрээд сурчихвал манай соёл урлаг арай л өөр замаар явах байлаа. Ядмагхан аялгуутай, ялгахын аргагүй төст дуунуудыг сульдуухан хоолойтой, бэлтэйхэн нэгнээр дуулуулчихаад бидний эргэн тойронд завсаргүй хангинуулаад автоматаар тархинд кодлоно. Гэтэл тэдгээр дуучдыг амьд хөтөлбөрт оруулаад дуулуулбал яаж дуулах нь төсөөлөгдөж байна.
Ам барьж дуулахыг хориглосон хууль нь батлагдчихаад байхад хэрэгждэггүй. Сонсогчид мэхлүүлсээр л. Ингэж хайран цаг, мөнгөө үрэхийн хэрэг байна уу. Тэд ард түмнээсээ залилж олсон мөнгийг унаа, байр, алдар нэрийг олохдоо зарцуулахаас огт сийхгүй. Тиймээс тэдэнд цензур тавих хэрэгтэй. Бүдэрсэн нь байрандаа үлдэж, тогтож чадвал үргэлжлүүлж болно.
Үүнийг дагаад Төрийн цол, шагнал ч үнэ цэнээ алдсан. Төрийн хишгийг хүртсэн нэгнийг нь баталгаажуулахын тулд дахин шалгасан ч яадаг юм бэ. Үнэхээр чадвартай нэгэнд энэ бол асуудал биш. Ингэж байж урлаг үнэ цэнэтэйгээр өсөн дэвжиж чадна. Жишээ нь, Хятад дуучид дэс буюу зэрэглэлтэй байдаг аж. Тэд сайн, муугаараа холилдож нэг тайзнаа гарна гэсэн ойлголт үгүй. Харин манай дуучид мөнгөтэй л бол хаа ч дуулна. “Шинэковууд” нь өөрсдийгөө таниулах зорилгоор Нарантуул зах дээр хүртэл дуулж байсныг санаж байна. Тэгэхээр энэ төөрөгдлөөс ард түмнийгээ аврах ганц хүчин зүйл бол төр засгийнхны өчүүхэн сэтгэл юм. Дунд сургуулийн хичээлийн программд сонгодог урлагийн тухай тусгаж өгөхөөс эхлээд олон арга замаар соёл урлагаа өөд нь татах боломжтой.
Бас нэгэн жишээ татъя. СУИС дуулаачийн чиглэлээр маш олон оюутан элсүүлдэг. Гэтэл тэд төгсөөд ихэнх нь нийтийн дуу руу гулсан ордог. Монголдоо ганц байдаг дуурийн театрын хувьд ч мөн боловсон хүчний нийлүүлэлт нь эрэлтээсээ илүү гарсан. Манайд энэ чиглэлээр олон дуучид төрөн гарч байгаагаас 2009 оны төгсөлтийнхөн бүгд өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ ажиллаж, энэ урлагтаа үнэнч болохоо харуулж чадаж байгаа нь сайшаалтай. Гэсэн ч дуурийнхны хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас анзаарч харах нь бага.
Монголд сонгодог урлаг уналтанд орсон үе бий. Харин одоо дахин сэргэж эхэлснийг олон зүйлээс харж болно. Монгол орныхоо нэр төрийг олон улсын хэмжээнд өндөрт өргөж яваа уран бүтээлчдийг нэрлэж болно. Гэвч бид тэднийгнийтийн дуучдынхаа хэмжээнд ч үнэлж хүлээн авч чаддаг билүү. Бас нөгөө талдаа буруутгах аргагүй. Энгийн хүн дуурийг сонсоод шууд ойлгож чадахгүй. Тиймээс залуу үеийнхэнд дөхөм болгох үүднээс Рок опера, Поп опера гэх мэт урсгалууд үүссэн гэдэг. Манайд ч мөн энэ төрлөөр дуулдаг “Войс”, “Классик жем” зэрэг хамтлагууд бий. Тэд чухамхүү дуурийн урлагийг олон түмэндээ бага ч гэсэн ойртуулах зорилгоор энэ төрлөөр дуулдаг.Нэгэнтээ ард түмний мөнгө нийтийн дуучдыг чиглэдэг болохоор сонгодогууд санхүүгийн бэрхшээлтэй байх нь тодорхой.
Төсвийн байгууллагынхан цалингаас цалингийн хооронд амьдардагийг мэдэхгүй хүн үгүй. Төр засаг нь ч тэдэнд дориухан хөрөнгө төсөвлөдөггүйгээс өнөөдөр Дуурийн театрт ерөнхий найруулагч ч байдаггүй. Бүхэл бүтэн улсад дуурийн нэг ч ерөнхий найруулагч байхгүй гэхээр хүн үнэмшмээргүй сонсогдож байгаа нь лав. Энэ боловсон хүчнийг бэлтгэх хөрөнгө мөнгө манайд байхгүй гэнэ шүү. Бид ингэтлээ ядуурлын ангалд унаагүй байлтай. Харин сэтгэлгээний ядууралд гүн орсон гэвэл илүү үнэмшилтэй сонсогдоно.
Гавъяа шагнал нь ч гавихгүй юм дуулдсан. Гадаадын нэр хүндтэй уралдаанаас шагнал авчраад ч нэмэргүй. Тамирчид байсан бол бөөн дуулиан шуугиан. Харин тэд хаанаас, ямар нэр хүнд, шагнал өвөртөлж ирснийг мэдэх хүнээс мэдэхгүй нь их. Тиймээс оюуны ядуурлаас ангижрахын тулд бага наснаас нь сонгодог урлагийн давуу талыг ойлгуулах хэрэгтэй гэсэн үндсэн санааг энд дэвшүүлээд байгаа юм. Монголын дуу, хөгжмийн урлаг нэг иймэрхүү.
Үүнээс дүгнэхэд, бид дэлхийн урлагийн далайд бус нийтийн дууны цунамигийн уршгаар далайн эрэг дээр холоо шидэгдчихсэн бололтой.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ