Парламентын байшинд буудалцжээ

Өчигдөр Улаанбаатарын цагаар 22.00 цагийн орчимд Канадын нийслэл Оттава хотын төвд халдлага гарсан тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай дамжуулж байна.
Нийслэлд үл таних зэвсэгтэй этгээд парламентын байшингаас холгүй орших Үндэсний цэргийн дурсгалын газрын ойролцоо хүндэт харуулыг буудаж унагажээ. Энэ явдлыг маш олон хүн гэрч болж харсан байна. Улмаар цагдаа нар шуурхай ажиллаж хэрэгтнийг хөөж буудалцаж эхэлсэн байна.
Зэргэлдээ орших парламентын байшинд орох хүртлээ хэрэгтэн худалдааны газрын үүдэнд, гудамжинд цагдаа нартай буудалцсаар байжээ. Улмаар ид улстөрчид хуралдаж байсан парламентын ордонд зугтан орж, хонгилоор нь цагдаа нартай буудалцсан байна. Эцэст нь цагдаа нарын суманд оногдсон этгээд алагдсанаар энэ хэрэг явдал дуусчээ.
Цагдаа нар яаралтай мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж Оттава хотын төвд халдлага хийсэн этгээд хэн болохыг тогтоожээ. Мөрдөн шалгах ажлын нарийн ширийн зүйлийг мэдэх хүний хэлснийг иш татан Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, тэр нь саяхан лалын шашинд орсон Канадын иргэн Мишель Зихаф-Бибо гэгч байжээ. Квебекийн оршин суугч энэ этгээд 1982 онд төрснийг телевизийн CTV News сувгаар мэдээлсэн байна.
Буудсан этгээдийн цаад учрын тухай, түүнчлэн тэр алан хядах байгууллагын гишүүн эсэх тухай мэдээлэл АНУ-ын эрх баригчдад байхгүй гэж ерөнхийлөгч Барак Обама мэдэгдээд байна. Тэр болсон явдлыг “эмгэнэлт хэрэг” гэж тодорхойлоод, сонор сэрэмжтэй байх шаардлагатайг энэ хэрэг явдал харуулж байна гэж мэдэгджээ.
Үүний өмнөхөн даваа гаригт хоёр цэрэг халдлагад өртөж нэг нь амь үрэгдсэн хэрэг гарсан. Энэ явдлаас болж нийгэм дэх онцгой байдлын түвшинг ихэсгэж болох тухай эрх баригчид мэдээлж байжээ. Тэгвэл Канадад дахин халдлага гарчҮндэсний цэргийн дурсгалын газарт хүндэт харуул амиа алдаад байна.
Магадгүй энэ дараалсан халдлагууд "Лалын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цохилтод Канад улс эхнээс нь идэвхтэй оролцож эхэлсэнтэй холоотой байж мэднэ хэмээн ажиглагчид таамаглаж эхэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ