Чингис хааны хүлэг баатар Д.Төмөрбаатар: Нэг монгол хүн 100 сая долларын үнэтэй


Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач?
-Намайг Төмөрбаатар гэдэг. Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн академич, Чингис хааны гүн ухааны хүлэг баатар эрдмийн цолтой. Монгол улсын иргэн.
- “Чингис хааны гүн ухааны хүлэг баатар” гэж ямар учиртай цол вэ?
-Энэ нэршил 1000 гаруй жилийн тэртээгээс дэлхийд түгсэн юм.Есүс христийг цовдолчихдог шүү дээ тэ. Тэр цаг үед хүлэг баатрууд очиж аварсан гэдэг домог байдаг гэж одоо хүртэл Европт яригддаг. Манай Чингис хааны дэлхийн академи 18, 19 жил болж байна. Энэ академи маань оюун ухааны буюу шинжлэх ухааны байгууллага юм. Ганц монгол оронд төдийгүй дэлхий нийтэд үйл ажиллагаа явуулдаг том байгууллага л даа. Энэ байгууллага маань Чингис хааны тухай байлдан дагуулагч гэхээсээ илүү шинжлэх ухааны хүн талаас нь судалж, үүн дээр үндэслэн байгуулагдсан юм.
-Та алтан ургийн хүн үү?
- Би Буриад хүн. Есөн үеэ мэддэг, нэрс нь надад байнга байдаг. Харин манай багш Давааням бол алтан ургийн хүн. Маш олон хүн манай багш руу өдий хүүртэл дайрдаг. Энэ хүмүүс рүү би маш их сэжигтэй хардаг. Манай багшийн хийж байгаа зүйл нь баталдаг, удам угсаагаа мэддэг. Хунтайж гэдэг үгэн дээр хүмүүс их дургүйцдэг. Би энэнд их эмзэглэдэг.
- Зүчийг том ах гэж дууддаг юм уу? Ямар учиртай юм?
-Тэгнэ шүү дээ. Жишээлбэл Зүчийг Монголын нууц товчоон дээр ад үздэг. Өнгөрсөн хугацаанд дэлхийн хүн төрөлхтний зохиосон ном зохиол дээр тэгж л үздэг. 13-р зуунд мориноос өөр уналга байгаагүй. Уулгалан дайрч ирж байхад хамгийн хурдан зугтахын тулд морио л унах хэрэгтэй. Тэгвэл Бөртэ хатан яагаад морь унахгүй, үхэр тэргэн дээр хуагчин эмгэнтэй явсан юм? гэхээр тэр тулгар гэдэстэй буюу бие давхар учраас л тэгсэн. Үүгээрээ юу хэлэх гэж байна вэ гэхээр Зүчи мэргэдийн хүүхэд биш. Тэгэхээр мэдээж би том ахыгаа том ах л гэнэ шүү дээ. Нэг ёсондоо нэрийг нь хүндэтгэж байгаа юм.
-Танай байгууллага ямар зорилгоор байгуулагдсан юм бэ?
Чингис хааны дэлхийн академи байгуулах хамгийн гол шалтгаан юу байсан бэ гэхээр 1206 онд Чингис хаан Их Монгол улсаа байгуулаад явсан. Эзэн хаан 1206 онд “Бидний байгуулж өгсөн улс бол жирийн нэг улс биш. Цогцоор нь байгуулж буй дэлхийн эзэнт гүрэн юм.
Биеэр баатарлана гэдэг нэгэн үеийн баатар, эрдэм номоор баатарлана гэдэг бол түмэн үеийн баатар гэсэн. Энэ бол өнөө үед монголчууд оюун ухаанаараа асуудалд хандах ёстой гэсэн үг юм. Бид Монголын хаадын гүн ухааныг буюу Чингис хааны гүн ухааныг сэргээн нээсэн. Бидний зорилго бол төр авахдаа биш, төрийг зөв удирдахад байгаа юм. Төрийг хэзээ зөв удирддаг вэ гэхээр гүн ухааны үндэстэй шинжлэх ухаанаар удирддаг.Тэрнээс биш хэн нэгэн хүн ямар нэгэн өөрийнхөө ашиг сонирхлын хүрээнд, аливаа асуудалд хандаж хийнэ гэсэн ойлголт байдаггүй. Харин өнгөрсөн хугацаанд манай байгууллага монгол орны хөгжлийн бодлогыг тодорхойлчихсон. Тэгэхээр миний хэлэх гэсэн зүйл бол өнгөрсөн 24 жилийн туршид монголын улстөр, эдийн засаг ямар ч шинжлэх ухааны замаар яваагүй.
-Монголын улстөрийн талаар таны бодол?
Монгол оронд оюун ухаан, шинжлэх ухаан дутагдаж байна. Зөв сэтгэлтэй, ёс зүйтэй хүмүүс дутагдаж байна. Өнөөдөр хорин дөрвөн жил Монголчууд юу үзсэн бэ гэхээр худлаа ярихын дээдийг бид харлаа, луйвар хийхийн сонгодог утгуудыг бид харлаа. Гэтэл Монголын түүх монголчуудын явж ирсэн замнал юу байсан бэ гэхээр дандаа үнэний талд явж ирсэн.Японд сайд нар нь байнга солигдоод байгаа нь бодлого нь тодорхой байгаа юм. Тийм учраас сайд нар нь бодлогоо барьж, хийж гүйцэтгэж болохггүй болохоороо унаад байна. Харин манайд бодлогогүй байгаа учраас хүнтэй хариуцлага тооцож болдоггүй. Ийм л зовлонтой байгаа юм. Улс орны тусгаар тогтнол, дархлаа хаана байдаг вэ гэхээр оюун ухаанд байдаг
-Төрийн эрхийг авахгүйгээр энэ засаж залруулах боломж байгаа юм уу?
-Боломжгүй. Гэхдээ авна өгнө гэж ярьж болохгүй. Энэ бүх зүйлс бол үндсэн хуулийн хүрээнд шийдэгдсэн зүйл. Буруу шийдвэрийг гаргаж байгаа хүмүүс бол ахуй анхдагч гэж үздэг хүмүүс буюу материалист гэж үздэг байна. Өөрийгөө сармагчингаас гаралтай гэж үздэг хүмүүс буюу коммунист үзэлтэй хүмүүс. Харин оюун ухаан анхдагч гэж үздэг хүмүүс ёс зүйд нийцсэн, зөв шийдвэр гаргадаг. Чи надтай ярилцах гэж тодорхой асуултуудыг бэлдэж, судалсан байна. Энэ бол чи оюунаараа үйлдсэн. Түүнээс биш хаана яриа хийх вэ гэдэг бол материалист үзэл юм.
Миний бие улстөрийн тэмцэлд арав гаруй жил явж байна. Тэмцэл гэхээр хүмүүс янз бүрийн өнгөтэй даавуу урж, зүүгээд л гудамжинд өсгөгч ажиллуулдаг. Гэвч энэ нь хүнд бухимдал төрүүлдэг. Хүнийг бухимдуулж тэмцэж болохгүй шүү дээ. 1990 оны хувьсгал өлсгөлөнгөөр эхэлсэн. Монголчууд билэг, билэгдлийг их дээдэлдэг улс. Амны билгээс ашдын билэг гэдэг нь монголчууд билэггүй үг, яриа ярьдаггүй гэсэн үг. Тэр ёроор бид өнөөдөр 24 жил өлсөөд байгаа юм болов уу гэж боддог юм. Харин бид 2007 онд монгол хүний үнэ цэнийг зарлаж тэмцсэн юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр монгол улсын хамгийн үнэтэй баялаг, хамгийн үнэтэй өв хөрөнгө, өмч бол хүн. Бид хүнийг үнэлсэн. Нэг монгол хүн 100 сая ам.долларын үнэтэй гэсэн.
- Хүнийг мөнгөөр үнэлж болж байгаа юм уу?
-Яагаад болохгүй гэж. Маш олон хүн ингэж асуудаг. Тэр дундаа би доллар ярьж байна шүү дээ. Мөнгөний соёл, мөнгөний философи, мөнгөтэй харилцах ухааныг хэн анх санаачилсан гэвэл агуу их эзэн Чингис хаан. Хүн боол болох гэж төрөөгүй атал зарим газар хүмүүсийг боолчилж байсан. Тиймээс мөнгийг бүтээж түүнийг боолчлох зорилгоор анх бий болгосон. Гэтэл та бид өнөөдөр мөнгөнийхөө боол болчихсон явж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, мөнгө бол боолчлох хэрэгсэл болчихсон байна шүү дээ. Энэ бол буруу зүйл. Бид яагаад мөнгөөр илэрхийлж байгаа юм бэ гэхээр мэддэг зүйлээр нь л хандаж байна.
-Тэгэхээр хүнийг мөнгөөр үнэлэх нь идеалаа эргүүлээд матери луу шилжүүлээд байгаа юм биш үү?
-Үнэн. Яагаад гэвэл Монголын хаадын гүн ухааны идеал нь матери болж байж биеждэг бас баталгааждаг. Дараа нь дахин идеал руу хувирдаг. Түүнээс биш матери анхдагчаа гэж хатуу зогсож болдоггүй зүйл юм шүү дээ. Тэгж байж хувьсал, өөрчлөлт хөгжил өрнөдөг юм. Би энд л зогсох ёстой гээд байгаад байж болохгүй шүү дээ.
- Улстөрийн хамгийн шуугиан дагуулаад буй Ерөнхий сайдын хийсэн гэрээний асуудлаар юу гэж бодож байна?
-Манай академи улстөрд дүн шинжилгээ хийж, гаргалгааг томъёолохоос биш улстөрийн байр суурь илэрхийлэх боломжгүй. Би Чингис хааны дэлхийн академийг улстөрийн чиглэлээр төгссөн учраас мэргэжлийн үүднээс тайлбарлая. Үндсэндээ намын тогтолцоо бол монголд буруу. Намаар төр барина гэдэг бол байж болохгүй. Ерөнхий сайдын саяын үйлдлийг би юу гэж харж байна вэ гэхээр 2016 онд тэсч үлдэх гэсэн үйл явц харагдаж байна. Яагаад гэвэл эд зорилго дээр нэгдсэнгүй. 3 сая хүнд хамаатай зорилго байхаас биш ганцхан Намбарын Энхбаяр юм уу Норовын Алтанхуягт хамаатай зорилгыг ярихгүй. Угаасаа улстөрд тийм юм байж ч болохгүй. Монголын намууд өнөөдөр гэмт бүлэглэл / мафи гэж ярьдаг шүү дээ/ ийм тал руугаа илүү орцон байна. Тиймээс эдэнд төр бариулна гэдэг бол чононд мах хадгалуулна гэдэг үлгэр болж байна.
- Та бүхэн бол монгол хүний үнэ цэнийг зарласан. Мөн олон дэмжигч, гишүүнчлэлтэй томоохон байгууллага. Гэтэл яагаад та бүхнийг сонгохгүй байна вэ?
- Тийм. Биөмнө нь хоёр ч удаа сонгуульд нэр дэвшиж байсан.Биднийг сонгохгүй байгаа шалтгаан гэвэл нэгдүгээрт тэдний баталсан хууль бидний эсрэг байна. Би намын гишүүн биш, жирийн иргэн хүн. Сонгох сонгогдох эрхийнхээ дагуу сонгуульд өрссөн. Тэгвэл 2012 оны сонгуулийн хуулийн заалт нь 25 хувь буюу пропорциональ нам сонгох байсан. Бид нуувч гэж ярьдаг юм. Нэг ёсондоо ард түмнийг хүнээ сонгох бус намыг сонгохыг тулгасан. Энэ бол үндсэн хуулийн хамгийн том зөрчил, завхрал юм. Учир нь сонгосныхоо дараа ард түмэн гайхсан. Уг нь би Дэмбэрэл, Нямдорж, Баянсэлэнгэ, Баасанхүүг сонгоогүй, эд нар хаанаас гараад ирэв гэж гайхсан. Эд нар нуувчнаас гарч ирсэн . Ингэхээр хууль нь бидний эсрэг байсан. Тэгээд үлдсэн сонголт нь бие даах байсан. Гэтэл бие даагчдад маш том хаалтыг тавьж эхэлсэн. Тухайлбал, би Дорнодод нэр дэвшсэн. Дорнод 14 сумтай, гэтэл бүх сумын сонгогчдын гарын үсгийг надаас шаардсан. Тэр бүгд рүү очих зардал надад байхгүй шүү дээ.
Хоёрдугаарт би хар машинд асар том асуудал байна гэж харж байна. Хүний оюун ухаанаас давсан машин байна гэж юу байхав дээ. Нөгөө талаасаа машинд итгэж байна гэдэг бол монголын ард түмнийг доромжилж байна гэж харж байгаа юм.
- Та төрд ямар ажил хийж байв?
-Би монголын төрийг арай ч ийм шалдаа буусан гэж төсөөлж явсангүй. Хүн яг өөрөө хийж үзэж байж л мэддэг юм байна. Би ҮХААЯ-ны Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвийн дэд захирлаар жил шахуу ажиллалаа. Харин захирлаар нь Дуурсах буюу монголын ард түмэн бяцхан тархи, их тархи зохиосноор нь сайн мэддэг. Бид хамтраад яамныхаа захиалгаар монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэстэй эдийн засгийн шинэчилсэн аргаар хөгжүүлэх бодлого боловсруулсан. Энэ бодлогыг дахиж зуун жилд боловсруулж чадахгүй. Боловсруулаад бид яамны сайдад өргөн барьсан ч сайд маань давхар, дан дээл гээд яваад өгсөн. Шинэ сайдад өргөн барьсан ч ойлгоогүй.
Үүнээс харахад монголын төр ямар байдалтай байна вэ гэхээр юу ч хийдэггүй хүмүүс дүүрэн байна. Тэдэнд суудал нь, цалин л чухал байна. Түүнээс биш ард түмний амьдралыг босгох ажил, тэрийг санаачилж хийх эр зориг тэдэнд алга.
Би тодорхой хэмжээнд шинэчлэл, өөрчлөлт хийгээд явсан. Харамсалтай нь намайг юм хийсний төлөө бүтцийн өөрчлөлт гэдэг нэрээр гудамжинд гаргаж байна. Би төрд буруу өгөхгүй. Төрийн барьж байгаа, ажиллаж байгаа хүмүүст нь л бурууг өгөх гээд байна. Дэлхийн түүхэнд монгол төр шиг ариун, шударга,цэгцтэй түүх хаана ч байгаагүйг санах хэрэгтэй.
- Бүтцийн өөрчлөлт өнөөдөр хэн нэгнийг магадгүй улстөрчийг авч үлдэх, хамгаалах халхавч болоод байгаа юм уу даа гэсэн зүйл ажиглагдаж байна.
-Тийм. Би үүнтэй зуун хувь санал нийлж байна. Яагаад вэ гэхээр магадгүй ерөнхий сайдаас илүү сэтгэж болно шүү дээ, өөрөөс нь илүү зүйл хийж болно. Гэтэл тийм хүмүүсийг яадаг вэ гэхээр бүтцийн өөрчлөлт нэрээр зайлуулдаг юм байна. Би төрд олон жил ажилласан хүнийг их сэжигтэй хардаг. Яагаад гэвэл захирлын нас дөрвөн жилтэй. Магадгүй хоёр ч жил байж болно. Би бол нэг жил болсон. Тэгээд би яваад өгнө, дараагийн захирал орж ирнэ. Ажилтангаа таньж амжаагүй байтал дахиад л халагддаг. Төрийн анхан дунд шатанд асар их асуудал байна гэж Бат-Ялалтын үгийг би маш их үнэлдэг. Тэнд яасан бэ гэхээр нам дагалдаж гүйсэн нөхөд тэр сандал, цалин, төрийн албан хаагчийн маш олон хөнгөлөлт, боломжуудыг авч ашиглах гэж л сууж байна. Үүнд харамсаж байна. Харамсахаас гадна монголын төр ялзралын туйлд хүрчихжээ. Тиймээс үүнийг сууриар нь өөрчлөх ёстой.
-Бүтцийн өөрчлөлт гээд ажлаасаа гарчихлаа. Одоо юу хийх гэж байна?
- "Монголын шинжлэх ухааны ололтын нэвтрүүлэх төв академи" гээд ТББ байгуулсан. Үүнийхээ гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.Энэ байгууллагаараа дамжуулж хөдөө аж ахуйн бодлогоо хэрэгжүүлэхийг зорино. Ирэх оны гуравдугаар сард олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн хугацаанд маш олон хөрөнгө оруулагчтай уулзсан. Тэд монголын хөдөө аж ахуй бол хөгжлийн хамгийн гол гарц, бид хөрөнгө оруулахад бэлэн байна гэж байсан. 330 сум, дээр нь 10 том парк байгуулахад ойролцоогоор 8 тэрбум ам доллар хэрэгтэй байгаа юм. Үүнийгээ эхний хоёр жилдээ паркаа бариад ажилаа хийгээд явна. Харин гурав дахь жилээсээ 8 тэрбум доллараа нэг өдөр л гаргах боломжтой. 4,5 дахь жилээсээ ашиг өгнө гэж тооцож байна.
-Та ХАА-н бодлого боловсруулсан гэлээ. Энэ талаар яриач?
- Монголын эдийн засгийн гол үндэс бол хөдөө аж ахуй юм. Тэр дундаа мал аж ахуй юм. Монголчууд 50 сая малтай. Малыг амьсгалаас бусдыг хэрэглэж болдог гэж ярьдаг, энэ бол эдийн засаг мөнгө гэсэн үг юм. Монголчууд жилдээ 10сая мал нядалдаг юм байна.5 сая хонь, 4 сая ямаа, 700 адуу, үлдсэн нь тэмээ. Үүнээсээ жилд 2 тэрбум доллар олдог. Гэтэл үүнийхээ 10 хувийг л боловсруулдаг. Хэрэв үүнийгээ 100 хувь боловсруулдаг болчихвол жилдээ 15 тэрбум долларын орлого олдог болно. Мал аж ахуй бол нөхөн төлждөг, өсдөг үрждэг учраас байгальд ээлтэй гэдгээрээ давуу тал. Тиймээс үйлдвэр технологийн парк байгуулах саналыг 360 суманд бий болгох боломжтой гэж үзэж байна. Ажиллаж байх явцдаа дөрвөн суманд томъёолоод, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд техник эдийн засгийн үндэслэлийг хийж дуусгасан. Нэг парк байгуулахад ойролцоогоор 11 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа юм. Энэ мөнгөө 2 жилийн дотор бүрэн нөхөх боломж харагдаж байгаа юм. Жишээлбэл, үйлдвэрлэх технологио борлуулах үндэстэй хамт шийдэж байгаа юм.
-Их өгөөжтэй санагдаж байна. Одоо энэ төслөө яах бодолтой байна вэ?
Нэгэнт оюун ухаанаа зарцуулж хийсэн зүйлээ бид бүтээл болгож, хэрэгжүүлнэ, үр дүнг нь харна. Яагаад гэвэл төрд ажиллаж байна уу, төрийн бус байгууллага байна уу, хувийн байна уу, гудамжинд байна уу тэдгээрээс үл хамааран иргэн бүр монголоо гэсэн сэтгэлтэй л байх хэрэгтэй. Тиймээс энэ бодлогоо хэрэгжүүлнэ.
Монголчууд хонь ямааныхаа сүүг бүрэн саадаггүй, ердөө арван хувийг нь л саадаг байна. Хэрэв зуун хувь саачихвал зөвхөн сүүнээсээ л 2 тэрбум доллар олох боломжтой. Энэ бол стратегийн асар том түүхий эд юм. Манай ерөнхийлөгч баяр ёслолоор сүү өргөдөг болсон. Харин одоо гурван саяуулаа уудаг болмоор байна. Сүүнд үл орлох маш их амин дэмүүд байдаг, үйлдвэр технологийн парк байгуулаад түүндээ сүүний үйлдвэрүүдийг байгуулъя. Хэрэв энэ үйлдвэр байгуулагдвал суман 270 ажлын байр бий болж, суманд ажилгүй хүн үгүй болно. Хэрэв ингэвэл Улаанбаатарын хүн амын тавин хувь нь нүүх байх гэсэн таамаглал бий.
- Ашиг сонирхол гэж таны хувьд юу вэ?
-Хүн бүрт өөрийн гэсэн ашиг сонирхол байдаг. Эхлээд биеэ зас. Яах гэж ирсэн, юу хийх гэж ирсэн, итгэл үнэмшлээ олох хэрэгтэй. Үүнийгээ олсон хүн хэзээ ч буруу зүйл хийдэггүй. Монгол хүний мөнхийн эрх ашиг бол монгол хүний үнэ цэнэ. Би үүнийг 100 сая ам доллар гэсэн шүү дээ. Байнга өсөн нэмгдүүлэх ёстой. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хийсэн зүйлийг ньби сайшаамаар санагддаг юм. Саяхан хөрш орнуудын айлчлал, гурван улсын уулзалт болсон. Энэ бол Монгол дэлхийн түвшинд гарч ирж байна гэсэн үг. Хоёр хөршийг улс шиг улс, үндэс шиг үндэс шиг үндэс болгосон хүмүүс нь бидний өвөг дээдэс юм. 100 жилийн дараа бид 2 хөрштэйгээ хэлэлцээр хийж байна. Энэ бол сайн зүйл. Ерөнхийлөгч үүнийг хийж чадлаа
-Нээлттэй ярилцсан танд баярлалаа.
Х.Ану
СЭТГЭГДЭЛ БИЧИХ