Канадад гарсан халдлага айдас дагуулж байна

{!!!right!!!}Канадын нийслэл Оттава хотын төвд хүндэт харуулыг гэгээн цагаан өдөр буудан хороож улмаар Канадын парламентын байшинд нэвтрэн орж цагдаа нартай буудалцаж амиа алдсан этгээдийн тухай мэдээлэл хуучраагүй байна.
Цагдаа нар түүнийг Мишель Зехаф-Бибо гэгч болохыг тогтоосон бөгөөд лалынхантай холбоо сүлбээтэйг баталгаажуулсан байна.
Тэрээр Сири улс руу явахаар төлөвлөж байжээ. Ройтерс агентлаг Канадын цагдаагийн байгууллагын мэдэгдсэнийг иш татан пүрэв гаригт ингэж мэдээлсэн байна.
32 настай Зехаф-Бибо өмнө нь мэдээлж байснаар Ливи рүү биш, харин Сири рүү явахаар паспорт авах гэж Оттава хотод ирсэн байна гэж цагдаагийн комиссар Роберт Поулсен хэвлэлийн хурал дээр хэлжээ.
Мөрдөн шалгах комиссынхны батласнаар тэрээр Сирид очиж "Лалын улс"-ын эгнээнд элсэх зорилготой байжээ. Ингэхдээ тэраюул учруулж болох иргэдийн жагсаалтад орж, ажиглалтад байсан гэх мэдээг цагдаагийн төлөөлөгч няцаажээ.
Зехаф-Бибо ганцаараа ажилласан бөгөөд тэр буудсан нь Квебек хотод цэргүүдэд халдсан хэрэгтэй холбоогүй гэдгийг Поулсен бас тодруулан тайлбарласан байна.
Үүнээс гадна Оттава хот дахь Үндэсний цэргийн дурсгалын цогцолборын хүндэт харуулын сумангийн цэргүүдэд халдсан зарим нарийн ширийн зүйлийг цагдаагийн төлөөлөгч тодруулжээ. Түүний хэлснээр, Зехаф-Бибо винтов буутай байсан бөгөөд харуулд зогсож байсан хоёр цэргийн нэг – 24 настай капрал Натан Сериллог буудсан юм.Энэ цэрэг шархаа даалгүй сүүлд нь эмнэлэгт нас барсан юм.
Үүний дараа парламентын ордонд болон холгүй байдаг худалдааны төв дамжин цагдаа нартай буудалцаж зугтсан юм. Гэхдээ энэ үеэр цагдаа нар гэмт этгээдийг устгаж чаджээ.
Телевизийн CTV сувгийн мэдээлснээр, Зехаф-Бибо Канадын цагаачлалын албаны тэргүүний орлогч Сюзан Бибогийн хүү байсан бөгөөд түүний харин эцэг нь Ливи гаралтай бизнесмэн ба эцгийнх нь талын дээд үеийнхэн Алжирт аж төрж байжээ. Тэр Монреаль хотод суудаг байсан бөгөөд нэлээд хэдэн жилийн өмнө лалын шашинд орж, радикал үзэл бодол баримтладаг байсан учир, түүний паспортыг хүчингүй болгосон байна.
Өнгөрсөн долоо хоногийг хүртэл таван жил хүүтэйгээ уулзаагүй гэж Сюзан Бибо пүрэв гаригт мэдэгджээ. Би амь үрэгдсэн цэрэгт гашуудаж, хүүгээ машид үзэн ядаж байгаа хэмээн тэр эмэгтэй хэлсэн байна.
Тэгвэл лалын хэт даврагсдын "Лалын улс" бүлэглэлээс Зехоф Бибогийн үйлдсэн хэргийг жихадын ариун үүргээ нэр төртэй биелүүллээ хэмээгээд улам олон жхиадистуудыг ариун дайнд уриалсан байна. Тэгвэл АНУ, Канад, Их Британи зэрэг "Лалын улс"-ын эсрэг агаарын цохилтод оролцож байгаа улсуудад ард иргэдээ сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж ийм халдлага дахин давтагдаж мэдэхийг ч анхааруулжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ